Их Британи ирээдүй хойч үедээ тамхи худалдахыг бүрмөсөн хориглолоо
Их Британи улс ирээдүй хойч үеэ тамхины хамаарлаас ангид байлгах түүхэн хуулийг албан ёсоор баталлаа.
Тус улсын парламент 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр "Тамхи болон вэйпийн тухай хуулийн төсөл"-ийг эцэслэн баталж, улмаар Эзэн хааны зөвшөөрлийг авснаар уг хууль албан ёсоор хүчин төгөлдөр болсон байна. Шинэ хуулийн дагуу 2009 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн хэнд ч тамхины төрлийн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай тамхи, эсвэл ороомол тамхины цаас худалдахыг бүрмөсөн хориглож байгаа юм.
Энэхүү зохицуулалт нь хууль батлагдах үед 17 болон түүнээс доош настай байсан иргэдэд насан туршдаа хууль ёсоор тамхи худалдан авах боломжгүй болох нөхцөлийг бүрдүүлж байна. Британийн засгийн газар тамхины хэрэглээг шууд нэг өдрийн дотор хориглохын оронд тамхи худалдан авах насыг жил бүр нэг насаар нэмэгдүүлэх замаар тамхины борлуулалтыг үе шаттайгаар бүрэн зогсоох стратегийг баримталж байгаа ажээ.
Шинэ хуулиар зөвхөн уламжлалт тамхинаас гадна залуучуудын дунд вэйп буюу цахилгаан тамхины хэрэглээ эрс нэмэгдэж байгааг хязгаарлах цогц арга хэмжээг тусгасан байна. Сайд нарт цахим тамхины загвар, амт, сав баглаа боодлыг хүүхэд залуусын сонирхлыг татахгүй байхаар зохицуулах өргөн эрх мэдлийг олгожээ.
Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай, сургууль, эмнэлгийн гаднах талбай болон хүүхэд тээвэрлэж яваа автомашин дотор вэйп хэрэглэхийг хориглосон байна. Мөн амны хөндийн тамхины нэг төрөл болох снусыг (snus) Их Британи даяар үйлдвэрлэх, борлуулах, нийлүүлэхийг бүрмөсөн хориглож, эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор болжээ.
Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд худалдаа эрхлэгчдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан байна.
Худалдааны стандартын байцаагч нарт худалдан авагчийн насыг шалгаагүй зэрэг жижиг зөрчил гаргасан цэгүүдэд газар дээр нь 200 фунт стерлингийн торгууль ногдуулах эрхийг олгожээ. Хэрэв зөрчлийг давтан гаргавал шүүхийн шийдвэрээр тухайн дэлгүүр болон хувь хүний тамхи, вэйп борлуулах эрхийг нэг жил хүртэлх хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах юм.
Эрүүл мэнд, нийгмийн халамжийн нарийн бичгийн дарга Уэс Стритингийн ахалсан энэхүү хуулийг тус улсын түүхэн дэх нийтийн эрүүл мэндийн хамгийн том шинэчлэл гэж нэрлэж байна.
Их Британид тамхины хэрэглээ нь жилд дунджаар 80 мянган хүний үхлийн шалтгаан болдог бөгөөд Үндэсний эрүүл мэндийн албанд (NHS) жил бүр олон тэрбум фунт стерлингийн хохирол учруулдаг байна. Энэхүү хуулийг Шинэ Зеланд улсын 2022 онд баталсан хуулиас санаа авсан боловч Шинэ Зеландын консерватив засгийн газар татварын асуудлын улмаас 2024 оны эхээр хуулиа цуцалсан бол Их Британи ийнхүү амжилттай хэрэгжүүлж эхэллээ.
Хэдийгээр хувийн эрх чөлөөг хязгаарласан болон худалдааны цэгүүд дээр насны заагийг хэрхэн хянах вэ гэдэг тал дээр маргаан өрнөж байгаа ч эрүүл мэндийн салбарынхан болон холбогдох сайн дурын байгууллагууд уг шийдвэрийг бүрэн дэмжиж байна.
Энэхүү түүхэн хууль нь ирээдүй хойч үеэ тамхины хорт зуршлаас бүрэн хамгаалж, урт хугацаандаа хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.
Эх сурвалж:
•
• bmj.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.