🔴LIVE: Шүлхий өвчний дэгдэлттэй холбогдуулан Даншиг наадмын морин уралдааныг хоригложээ

“Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр-Хүрээ цам даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. 

НОК-ын шийдвэрээр гурван насны морьдын уралдаан, жороо морины уралдаан, морьт харвааг хөтөлбөрөөс хасаж шийдвэрлэсэн байна. Үндэсний бөхийн барилдаан, сур харваа, шагайн харвааны тэмцээнүүдийг уламжлал ёсоор зохион байгуулна. Даншиг наадамд барилдах 256 бөхийн бүртгэлийг зургаадугаар сарын 26-ы өдрийг хүртэл Дэвжээ.мн цахим хуудсаар, харваачдын бүртгэлийг Их цэц.мн цахим хуудсаар бүртгэх аж. Өмнө жилээс эхлэн бөхчүүдэд даншиг наадмын цол олгохоо больсон шийдвэр хэвээр үргэлжилнэ гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Түрүү бөх 30 сая, үзүүрлэсэн бөх 20 сая төгрөгийн шагналтай. Сур харвааны шагналт байрын тоо болон шагналын хэмжээг нэмэгдүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан:

-Энэ жилийн наадмаар үндэсний бөхийн барилдаан, сур харваа, шагайн харваа, сээр шалгах тэмцээн зэрэг уламжлалт спортын төрлүүд зохион байгуулагдана. Мөн нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс үзэсгэлэн худалдаа гаргаж, нийслэлийн түүх, соёлыг сурталчлах гар зураг болон бусад үзэсгэлэн дэлгэгдэнэ. Түүнчлэн олон зуун жилийн уламжлалт Хүрээ цам, Очирвааны тахилга, сор залрах зэрэг шашин, соёлын зан үйлүүд болно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.