Тамхины найрлага дахь хорт бодисууд эрүүл эсийг хавдрын эс болгон өөрчилдөг
Эрүүл мэндийн салбарын төлөөлөл Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан утаат болон цахилгаан тамхины хор нөлөөний талаар анхааруулга, мэдээлэл өглөө.
Олон жил тамхи татсан хүний уушгинд эргэлт буцалтгүй өөрчлөлт орж, архаг бөглөрөлт өвчин, амьсгалын хүнд дутагдал үүсдэг болохыг онцолсон байна. Тамхи татсанаар уушгины үйл ажиллагаа аажмаар муудаж, хүчилтөрөгчгүйгээр амьдрах боломжгүй хэмжээнд хүрэх эрсдэлтэй аж. Мөн тамхи татдаг хүний дундаж наслалт 15-20 жилээр богиносдог. Түүнчлэн тамхины найрлага дахь хорт бодисууд эрүүл эсийг хавдрын эс болгон өөрчилдөг бөгөөд уушгины хавдрын дийлэнх хувь нь тамхитай холбоотой байдаг гэв.
ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг:
-Утаат тамхи нь төвөнх, улаан хоолой, ходоод, хөхний хавдар зэрэг олон төрлийн хавдрын гол эрсдэлт хүчин зүйл болдог. Уушгины хавдраар оношлогдож байгаа нийт хавдрын 90 хувь нь олон жил тамхи татсан гэсэн асуумжтой байдаг. Никотин нь хүний төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, хүчтэй донтох хамаарал үүсгэдэг учраас тамхинаас гарахад хүндрэлтэй байдаг. Цахилгаан тамхи буюу вэйп нь энгийн тамхинаас хор багатай гэсэн ойлголт нь буруу, Өндөр температурт халсан химийн бодисууд уушгийг түлж, хордуулан, улмаар уушгины хатуурал (фиброз) зэрэг ноцтой өвчин үүсгэх эрсдэлтэй. Гэхдээ электрон тамхи одоогоор бүрэн судлагдаагүй байна. Дэлхий нийтээр эрчимтэй судалгаа хийгдэж байгаа.
Дэлхийд жилд хоёр сая орчим хүн уушгины хорт хавдраар нас бардаг. Иймд уушгины өвчлөл, хавдар дэлхий нийтийн толгойны өвчин болоод байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.