Бидэнд доллар, юань юу юунаас илүү хэрэгтэй байна
Инфляци 11 хувьд хүрчихлээ.
Та бидний халаасанд байгаа нэг сая төгрөгийн 110 мянга нь салхинд хийсэж байна гэсэн үг. Инфляци гэдэг мангас бидний идэх хүнсний 11 хувийг идэж байна гэсэн үг.
Эдийн засагчдын таамаглаж байгаагаар энэ жилдээ энэ инфляци хадгалагдах юм шиг байна. Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүнээ ахиу гаргах, хөрөнгө оруулагчдыг урьж байгаа ч ойрын сар жилдээ өргөс авсан мэт илааршина гэж хэлэхэд хэцүүхэн л байгаа аж.
Ойрын жилүүдэд нүүрс, зэсийн үнэ өндөр байсантай холбоотойгоор манай улсын эдийн засаг тэлсэн. Улсын эдийн засаг 30 их наяд болж нэмэгдсэн. Үүнийг дагаад бидний хэрэглээ нэмэгдсэн. Нэг тэлсэн бол агших амаргүй. Хэрэглээ нэмэгдсэн бол буцаах бараг боломжгүй.
“Махны үнэ өслөө” гэж халаглаад байгаа боловч төгрөг унаад байгаа нь энэ юм. Нэг унасан төгрөгийн ханш эргэж сэргэхгүй байгаа билээ.
Монгол Улс гадны улс орнуудаас өргөн хэрэглээний барааныхаа 90 хувийг, эрчим хүчний 20 хувийг, газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг. Украин болон Ираны дайнтай холбоотойгоор дэлхийн хямрал бидний амьдралд хүссэн хүсээгүй нөлөөлөх нь тодорхой болоод байна. Ирэх намраас шатахууны үнэ өсвөл гайхах юм алга болчихлоо. Шатахуу өснө өө гэдэг чинь өргөн хэрэглээний бүх юмны үнэ өснө өө гэсэн үг.
Энэ тухай Эдийн засагч, доктор, профессор Ч.Хашчулуун “...бодлогын хүүг бууруулах боломж харагдахгүй байна. Энэ нөхцөлд харин гадаадаас хөрөнгийн урсгалыг дотогш идэвхжүүлэх, гадаадаас валютын урсгалыг нэмэгдүүлэх нь чухал. Ингэснээр валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах нэг чухал зорилт биелнэ” хэмээн хэлжээ.
Манай эдийн үндсэндээ уул уурхай дээрээ тогтдог. Иймээс яриад байгаа газрын тос боловсруулах, зэс хайлуулах, гангийн үйлдвэрийг дэмжих бодлогоо яаравчлах хэрэгтэй байна. “АМНАТ-ыг хөдөлгөөд хөдөлнө” гэсэн зэсийн 22 төслөө шавдуулах хэрэгтэй байна.
Ард түмний амыг дагуулж ярьдаг улс төрчид сүүлийн жилүүдэд хайгуулыг үндсэнд нь зогсоосон. Төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд, нөгөө гараараа эсэргүүцэн тэмцэгчидтэй тэмцэж дэмжлэг үзүүлэхгүй байгаа. Бид гурван Эрдэнэт, гурван Оюутолгой, гурван Эрдэнэс Тавантолгойтой болбол манай нэг хүнд ногдох ДНБ 20 мянган ам.доллар болох бүрэн боломж байгаа билээ.
Мөнгөтэй иргэд боловсрол, эрүүл мэнддээ мөнгө зарж эхэлнэ. Энэ хэрээр бидэн шиг хүн ам багатай улс хүн шиг амьдарна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.