"Тоглоомын түүх 5" оны хамгийн өндөр нээлтийн орлоготой кино болов
Disney болон Pixar студийн хамтын бүтээл "Тоглоомын түүх 5" (Toy Story 5) хүүхэлдэйн киноны нээлтийн орлого дэлхийн хэмжээнд 312 сая ам.долларын орлого олж, кино театруудыг тэргүүлж эхэллээ.
Үүнээс Хойд Америкийн зах зээлээс 160 сая ам.долларыг 4,425 кино театраас цуглуулсан бол олон улсын зах зээлээс 152 сая ам.долларын орлого олсон байна. Уг үзүүлэлт нь тус цувралын өмнөх дээд амжилтыг эвдсэн төдийгүй 2026 оны хамгийн өндөр орлоготой нээлтээр тодорлоо.
"Тоглоомын түүх 4" кино 2019 онд 120 сая ам.долларын орлогоор нээлтээ хийж байсан юм. Түүнчлэн Universal студийн "The Super Mario Galaxy Movie" киноны дөрөвдүгээр сард үзүүлсэн 131.7 сая ам.долларын дотоодын нээлтийн амжилтыг гүйцэж, энэ оны хамгийн том нээлт болов.
Киног бүтээхэд 250 сая ам.долларын төсөв зарцуулжээ. "Тоглоомын түүх 5" киног Pixar-ын ахмад зүтгэлтэн, "Finding Nemo", "WALL-E" зэрэг алдартай бүтээлүүдийг найруулсан Эндрю Стэнтон найруулжээ. Гол дүрүүд болох Вүүди, Базз Лайтер, Жэсси нарт өмнөх жүжигчид нь дахин дуу оруулсан байна. Энэ удаагийн үйл явдал нь тоглоом ба технологийн сөргөлдөөнийг харуулдаг. Тоглоомуудын эзэн Бонни охин "Lilypad" нэртэй шинэ ухаалаг таблетад донтсоноор тоглоомууд мартагдаж эхэлнэ. Үзэгчдийн зүгээс тус кинонд "A" CinemaScore үнэлгээ өгсөн бол шүүмжлэгчид маш эерэг сэтгэгдэлтэй байгаа аж.
Эх сурвалж:
• ign.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.