Криштиану Роналду ДАШТ-д түүхэн дээд амжилт тогтоож шүүмжлэгчдэд хариу барилаа
Португалын шигшээ багийн ахлагч, 41 настай Криштиану Роналду 2026 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагт АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтод Узбекистаны эсрэг хоёр гоол оруулж, багаа 5:0-ээр илт давуу ялалтад хөтлөн түүхэн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоолоо.
Эхний тоглолтод Конгогийн Ардчилсан Бүгд Найрамдах Улсын шигшээ багтай 1:1-ээр тэнцэж, шүүмжлэлд өртөөд байсан тэрбээр энэхүү тоглолтоор өөрийгөө хөлбөмбөгийн талбайд хэвээр байгааг дэлхий дахинд батлан харууллаа.
Хьюстон цэнгэлдэх хүрээлэнд хуран цугларсан 68,777 үзэгчийн өмнө Португалын шигшээ баг тоглолтын эхнээс давамгайлсан юм.
Тоглолтын 6 дахь минутад Жоао Канселогийн доогуур дамжуулсан бөмбөгийг Криштиану Роналду гоол болгон салхийг хагалсан бол 39 дэх минутад Бруно Фернандешийн дамжуулалтаар хоёр дахь гоолоо оруулж, багийнхаа давуу талыг бататгав. Мөн Нуно Мендеш 17 дахь минутад чөлөөт цохилтоос гоолдож, Узбекистаны хаалгач Абдувохид Нематов 60 дахь минутад өөрийн хаалганд гоол оруулсан бөгөөд сэлгээгээр орж ирсэн Рафаэль Леао 87 дахь минутад эцсийн цэг тавьснаар Португалчууд өрсөлдөгчөө бут ниргэжээ.
Энэхүү тоглолтод хоёр гоол оруулснаар Аль-Наср клубийн довтлогч Роналду хөлбөмбөгийн түүхэнд хэд хэдэн томоохон амжилтын эзэн боллоо.
Тэрбээр ДАШТ-ий зургаан өөр тэмцээнд (2006, 2010, 2014, 2018, 2022, 2026) гоол оруулсан дэлхийн анхны эрэгтэй хөлбөмбөгчин болж, өөрийн гол өрсөлдөгч Лионель Мессиг ардаа орхив. Түүнчлэн ДАШТ-ий карьертаа 10 дахь гоолоо оруулснаар Португалын домогт тоглогч Эйсебиогийн (9 гоол) амжилтыг давж, улсынхаа бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч болсон байна. Мөн тэрбээр 41 нас 138 өдөртэйгөөр 1994 онд 42 насандаа гоолдож байсан Камеруны Рожер Миллагийн дараа орох ДАШТ-ий түүхэн дэх хоёр дахь ахмад гоол оруулагчаар тодорлоо.
Тоглолтын дараа Роналду шууд телевизийн камер руу хандан "Би эргэж ирлээ!" хэмээн хашхирч, өөрийг нь зодог тайлсан хэмээн шүүмжилж байсан хүмүүст хатуухан хариу барьсан юм.

Тэрбээр хэвлэлийн бага хурал дээр "Энэ бол хүнд хэцүү, харанхуй долоо хоног байлаа. Намайг хөлбөмбөгөөс аль хэдийн зодог тайлсан мэт ярьж байсан ч би шаргуу хөдөлмөртөө итгэж тэвчсэн" хэмээн ярьжээ. Узбекистаны шигшээ багийн дасгалжуулагч, Италийн домогт тоглогч Фабио Каннаваро түүнийг хамгаалж, Азийн лигт тоглох нь цаг үрсэн хэрэг биш гэдгийг Роналдугийн бие бялдар, тоглох хүсэл эрмэлзэл бэлхнээ баталж байна гэдгийг онцолжээ.
Узбекистаныг 5:0-ээр хожсоноор Португалын шигшээ баг К хэсэгт 4 оноотой болж, дараагийн шатанд шалгарах боломжоо эрс нэмэгдүүллээ. Тэд хэсгийн сүүлчийн тоглолтоо Колумбын эсрэг хийх хуваарьтай байгаа бол нэг ч оноо аваагүй байгаа Узбекистаны шигшээ баг Конгогийн Ардчилсан Бүгд Найрамдах Улсын багтай тоглох юм. Роналдугийн энэхүү гайхалтай эргэн ирэлт нь Португалын багийг ДАШТ-д цаашид амжилттай урагшлах урам зоригийг өглөө.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.