Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэгт техниктэйгээр зохион байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагдах цэргийн ёслолын жагсаалтай холбоотой асуудлыг хэлэлцэж, шийдвэрүүдийг гаргалаа.
Энэ талаар Батлан хамгаалах яамны дэд сайд Д.Баасандамба мэдээлэхдээ, жил бүрийн Үндэсний их баяр наадмын хүрээнд болдог цэргийн ёслолын жагсаал нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөөх баатарлаг тэмцлийн түүхийг иргэд, хүүхэд залууст сурталчлан таниулах чухал ач холбогдолтойг онцлов.
Тэрбээр “Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын шийдвэрээр цэргийн ёслолын жагсаалыг зэвсэгт техниктэйгээр буюу бүрэн дэлгэмэл зохион байгуулахаар болсон” гэв.
Засгийн газрын шийдвэрийн дагуу жагсаалын бэлтгэл ажлыг хангах болон зохион байгуулахад шаардлагатай зардлыг шийдвэрлэжээ. Төрийн далбааны өдөр буюу долоодугаар сарын 10-нд болох цэргийн ёслолын жагсаалд цэрэг, хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч оролцох бөгөөд 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг болон тусгай зориулалтын тоног төхөөрөмжүүдийг оролцуулсан техникийн парад зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн парадын үеэр батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай зориулалтын техник хэрэгслийг танилцуулахаас гадна Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэж буй хуягт хүнд, хөнгөн машинууд болон дронуудыг олон нийтэд үзүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.