Нийслэлийн Байгаль орчны газар 86 зэрлэг амьтныг авран хамгаалж, байгальд нь эргүүлэн тавьжээ

Нийслэлийн Байгаль орчны газар 86 зэрлэг амьтныг авран хамгаалж, байгальд нь эргүүлэн тавьжээ

Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны төлөөлөллүүд нийслэлийн Байгаль орчны газарт ажиллаж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.

Энэ үеэр нийслэлийн Байгаль орчны газар энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан юм. Тухайлбал, эвдэрч доройтсон 199.7 га талбайг нөхөн сэргээжээ. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалттай холбоотой зөвшөөрөл, хяналтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна. Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр судалгаа, мониторингийн ажлыг эрчимжүүлж, ургамал болон ашигт бактери ашиглан 35 га талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн 32 байгууламж барих ажлыг эхлүүлсэн талаар мэдээллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ оны зургаадугаар сарын байдлаар нийт 23 мянга гаруй иргэн 749 мянга гаруй мод тарьсан байна. Мөн доройтсон ойн сан бүхий 12 мянга гаруй га талбайд нөхөн сэргээлт хийх, байгалийн сэргэн ургалтыг дэмжих шаардлагатай байгааг онцоллоо. 

Нийслэлийн хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, 138 мянга гаруй га талбайг улсын болон орон нутгийн хамгаалалтад авсан байна. Усны нөөцийг хамгаалах хүрээнд ус ашиглах болон худаг гаргах зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, эхний хагас жилийн байдлаар 1152 өргөдлийг шийдвэрлэжээ. Сонгинохайрхан дүүрэгт хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлж, ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Мөн иргэдээс ирсэн 50 дуудлагын дагуу 86 зэрлэг амьтныг авран хамгаалж, байгальд нь эргүүлэн тавьжээ. Мөн тарвага шилжүүлэн нутагшуулах, минж үржүүлэх, зэрлэг амьтдад ээлтэй орчин бүрдүүлэхээр тогтмол хэрэгжүүлж байгаа аж. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.