8,575 айлын “Сэлбэ хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
“Сэлбэ хот”-ын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөт хугацааны дагуу эрчимтэй урагшилж байна. Төслийн талбайд баригдаж буй орон сууцны барилгуудын угсралтын ажил дуусаж, дараагийн өрлөг болон гадна заслын ажлуудыг гүйцэтгэхэд бэлэн болжээ. Тухайлбал, төслийн эхний блок барилгуудын хаалга, цонх, гадна фасад болон лифт угсрах ажлуудыг хийхэд бэлэн болсон байна.
“Нутгийн Буян” группийн гүйцэтгэж буй 3.3 багцын таван блок барилгын угсралтын ажил бүрэн дууссан бол Монкон группийн 4.1 багцын барилгуудаас хоёр блокийн үндсэн караказ угсралт дуусчээ. Дараагийн есөн блокийн техникийн давхрын угсралтын ажил үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын дараагаас барилгуудын дотор өрлөг болон хаалга, цонхны угсралтын ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэнэ. Ирэх намар барилгуудыг дулаан, төвлөрсөн халаалтад залгаснаар 2026 оны сүүлч гэхэд нийт төлөвлөгөөт ажлын 65-70 хувийг бүрэн гүйцэтгэсэн байхаар зорин ажиллаж байна.

Улмаар 2027 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн орон сууцны барилгуудыг гурван үе шаттайгаар Улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
“Сэлбэ хот”-ын бүтээн байгуулалтын талбайд нийт 113 блок бүхий 8,575 айлын орон сууцны цогцолбор баригдахаас өнөөдрийн байдлаар 102 блокийн барилга угсралтын ажил үргэлжилж, инженер мэргэжилтнүүд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган өндөр зохион байгуулалттайгаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.