Өвлийн эрчим хүчний эрсдэлийг бууруулах гарцыг инженерүүд танилцууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдсан асуудал болон цаашдын бодлогын шийдлийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр инженер, мэргэжилтнүүд Монголын эрчим хүчний систем бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгааг онцлоод, хэрэглээ тасралтгүй өсөж байгаа ч эх үүсвэрийн хүчин чадал хязгаарлагдмал хэвээр байгааг анхааруулав. Үүнээс шалтгаалан ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалт үүсэх эрсдэлтэй байгааг тэд онцолсон байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эрчим хүчний хуримтлуурын системийг нэвтрүүлэх нь ойрын хугацаанд хэрэгжүүлж болох үр дүнтэй шийдэл аж. Тухайлбал, эрсдэл өндөртэй бүсүүд болон дэд станцуудын орчимд баттерей хуримтлуур байршуулснаар оргил ачааллын үеийн хэрэглээг зохицуулах боломжтой гэж үзжээ. Мөн эрчим хүчний салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлын чанарыг сайжруулах, худалдан авах ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатайг хэлэлцсэн байна.

Инженерүүд олон улсын болон Европын стандартыг тууштай мөрдөх нь системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, урт хугацаанд зардлыг бууруулах ач холбогдолтойг онцолжээ. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэгдсэн системийн хүрээнд хөгжүүлэх, усан цахилгаан станц болон усан цэнэгт хуримтлуурын төслүүдийг дэмжих нь тогтвортой хөгжлийн чухал шийдэл болохыг оролцогчид тэмдэглэв. Уулзалтын үеэр эрчим хүчний салбарын хүний нөөцийн асуудал мөн хөндөгдсөн бөгөөд цахилгаан, дулааны чиглэлийн инженер, мэргэжилтний хомсдол нэмэгдэж байгааг анхааруулсан байна.
Иймээс эрчим хүчний чиглэлийн мэргэжлийг төрөөс бодлогоор дэмжиж, хүний нөөц бэлтгэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ. УИХ-ын дарга С.Бямбацогт инженер, мэргэжилтнүүдийн гаргасан санал, зөвлөмжийг цаашдын бодлого боловсруулах болон хууль тогтоох үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.