МЭДЭГДЭЛ: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй байна

МЭДЭГДЭЛ: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй байна

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Б.Даваадалайг 65.8 сая төгрөгийн цалин авдаг гэж мэдээлсэн . Тэгвэл хуучнаар "Эрдэнэс Монгол" ХХК буюу “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-иас мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд 

-“Эрдэнэс Монгол” ХХК болон түүний харьяа хуулийн этгээдүүдийн удирдлагуудын цалингийн талаар олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл тархсантай холбоотойгоор мэдэгдэл гаргаж байна.

Тухайн мэдээлэлд дурдсан цалингийн хэмжээ нь “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК (хуучнаар “Эрдэнэс Монгол” ХХК) болон түүний харьяа компаниудын өнөөгийн бодит цалингийн мэдээлэлтэй нийцэхгүй байгаа бөгөөд олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Тус мэдээлэл нь төрийн аудитын байгууллагын тайлангийн агуулга, тооцооллыг илтэд гуйвуулсан байна. Бодит байдалтай нийцээгүй мэдээлэл түгээх нь байгууллагын нэр хүндэд төдийгүй тухайн байгууллагад ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.

Иймд уг мэдээлэлд ашигласан тооцоолол, аргачлалын талаар эрх бүхий байгууллага шаардлагатай тайлбар, мэдээллийг олон нийтэд өгөх нь зүйтэй. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нь үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй байх зарчмыг хатуу баримталж ажилласаар ирсэн. Иргэд үнэн зөв мэдээлэл авах эрхтэй. Энэ эрхийг хангахын тулд мэдээлэл нь баталгаатай эх сурвалж, бодит баримт, үнэн зөв тооцоонд үндэслэсэн байх ёстой.

Иймд нийтийн албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн байгууллага болон олон нийт аливаа мэдээллийг түгээхдээ албан ёсны эх сурвалж, бодит баримтад тулгуурлан нягтлан баталгаажуулж, хариуцлагатай хандахыг уриалж байна.

"Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.