Ах Абе Чиндаогийн гран прид зодоглоно
Жүдо бөхийн Чиндао гран при тэмцээнд 57 орны 500 жүдоч хүч үзэхээр боллоо.

Чиндао гран при тэмцээн нь өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдсан "Улаанбаатар Их Дуулга 2026" тэмцээний дараа шууд залгаж буй "Лос-Анжелес 2028" олимпын эрхийн оноо олгох цувралын хоёр дахь тэмцээн гэдгээрээ онцлогтой. Шинэ олимпын мөчлөг эхэлж байгаа тул тамирчид чансааны оноогоо эртнээс зузаатгах, шинэ тактикаа турших хамгийн хариуцлагатай үе ирээд байна.
Монгол улсын шигшээ баг Чиндаогийн татамид нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй буюу нийт 20 тамирчин (11 эрэгтэй, 9 эмэгтэй) илгээн хүч үзэж байна.

Манай тамирчдын хувьд өнгөрсөн долоо хоногт эх орондоо зохион байгуулагдсан их дуулга тэмцээнээс нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн бол Чиндаогийн гран при тэмцээнээс хүлээлт өндөр байна.
Энэ тэмцээний хамгийн онцлох бөх бол олимпын хошой, дэлхийн 4 удаагийн аварга Японы Хифүми Абэ. Жүдогийн ертөнцөд түүнийг хэн ялж, хэн зогсоож чадах вэ гэдэг асуулт хамгийн сонирхолтой хэвээр байна. Харин эмэгтэйчүүдийн -48кг жинд дэлхийн чансааг тэргүүлэгч БНХАУ-ын Шинран Хуй нутаг дээрээ алтан медаль авах хамгийн өндөр магадлалтай байгаа ч дэлхийн аваргын мөнгөн медальт Казахстаны Абиба Абужакинова болон манай Г.Наранцэцэг нар түүний гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна.
Хөтөлбөр (Улаанбаатарын цагаар):
-
Баасан (6/26): Хөнгөн жингүүд (Эрэгтэй: -60, -66 кг | Эмэгтэй: -48, -52, -57 кг)
-
Бямба (6/27): Дунд жингүүд (Эрэгтэй: -73, -81 кг | Эмэгтэй: -63, -70 кг)
-
Ням (6/28): Хүнд жингүүд (Эрэгтэй: -90, -100, +100 кг | Эмэгтэй: -78, +78 кг)
Урьдчилсан барилдаанууд өглөө бүр 09:00 цагаас эхлэх бөгөөд Медалийн төлөөх шигшээ барилдаанууд орой бүр 17:00 цагаас явагдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.