11 нохойн үхэлд буруутгагдсан сургагч болон түүний найз бүсгүйг АНУ-д яллав
АНУ-ын Калифорни мужийн Оранж тойргийн шүүхээс 'Happy K9 Academy' нохой сургалтын төвийн оператор, 54 настай Квонг Чун Сит болон түүний найз бүсгүй 24 настай Тингфэн Лиу нарыг 11 нохойн үхэлд буруутай хэмээн үзэн яллах шийдвэр гаргалаа.
2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр болсон шүүх хурлаар Ситийг амьтантай зүй бус харьцсан, 11 удаагийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, нотлох баримтыг устгахыг оролдсон хэрэгт буруутайг тогтоожээ. Түүнд хуулийн дагуу хамгийн ихдээ 13 жил 11 сарын хорих ял оноох бөгөөд хэргийг нуун дарагдуулахад тусалсан Лиуд дөрвөн жил хүртэлх хугацаагаар хорих ял төлөвлөж байна. Тэдний ялыг ирэх долдугаар сарын 10-ны өдөр эцэслэн шийдвэрлэхээр болжээ.
Аймшигт хэрэг 2025 оны зургаадугаар сард илэрсэн бөгөөд нохой эзэмшигчид өөрсдийн тэжээвэр амьтдаа 999-3999 ам.долларын төлбөртэйгөөр тус сургалтын төвийн өдрөөр болон хоногоор асрах хөтөлбөрт хамруулдаг байжээ.
Хэрэг зургаадугаар сарын 18-ны өдөр Мико нэртэй нэг настай, эрүүл герман шеперд эрлийз нохойн эзэн, сургагч Ситээс сэжигтэй зурвас хүлээн авснаар эхэлсэн байна. Сит зурвастаа "Нохойг шөнө тайван унтаж байхдаа гэнэт үхсэн" хэмээгээд, "чандарласан" тухайгаа бичсэн байжээ. Энэ нохойн эзний сэжгийг төрүүлж, Эрвайн хотын цагдаагийн газрын Амьтны эрхийг хамгаалах хэлтэст хандахад хүргэжээ.
Цагдаагийн байгууллагаас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад маш ноцтой баримтууд илэрсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр, Сит нохдыг ачааны фургон машины арын хэсэгт жижиг торонд хийж үлдээснээс үүдэн амьтад агааргүйдэж, халуунд цохиулан амиа алджээ. Мөрдөгчид хлор болон ялгадас үнэртсэн ачааны машиныг олж тогтоосон бөгөөд дотор нь нохдын цогцсыг зөөвөрлөхөд ашиглаж байсан савнууд байсан аж.
Түүнчлэн тэд хэргээ нуун дарагдуулахын тулд нохойн эздийн нэрийг барьж, ойр орчмын хэд хэдэн чандарлах газруудад амьтдын цогцсыг хүргэж өгсөн байжээ.
Цагдаагийн ажилтнууд чандарлах газруудаас есөн нохойн цогцсыг олж авч задлан шинжилгээнд оруулсан бөгөөд нөгөө хоёр нохойг аль хэдийн чандарласан байжээ. Шинжилгээгээр найман нохой халуунд цохиулж үхсэн нь тогтоогдсон бол Рози нэртэй нэгэн нохой халуунд цохиулахаас гадна хүнд зүйлээр цохиулж, зодуулсны улмаас үхсэн болох нь тогтоогдсон байна. Сит болон Лиу нар хэргээс мултрахын тулд зугтахаар бүх зүйлээ бэлдсэн байх үед нь цагдаа нар тэднийг баривчилжээ.
Оранж тойргийн прокурор уг хэргийн талаар мэдэгдэл хийхдээ хосын үйлдлийг "хэтэрхий хэрцгий" хэмээн зэмлэн буруушаасан байна. Тэрээр "амьтдыг тамлан зовоож, ялангуяа гөлгийг үхтэл нь зодчихоод, дараа нь харамсаж буй дүр эсгэсэн эдгээр хүмүүст хуулийн хамгийн хатуу шийтгэлийг оноох ёстой" гэжээ.
Уг хэрэг явдал нь амьтан асрах, сургах үйлчилгээ эрхлэгчдийн хариуцлага, хяналтыг чангатгах шаардлагатайг харуулсан ноцтой сургамж болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.