Энэтхэгт ховордсон Азийн арслан таван настай хүүг барьжээ
Энэтхэгийн Чатури хэмээх тосгонд ховордсон Азийн арслан таван настай хүү рүү дайрч, амь насыг нь хохиосон эмгэнэлт хэрэг гарчээ.
Гир ой хамгаалалтын бүстэй хил залгаа орших тус тосгонд уг хүү өвөөгийнхөө хамт явж байхдаа зэрлэг амьтны дайралтад өртжээ. Арслан хүүг ойд чирж оруулан идсэн байна.
Хэрэг явдал орой болсон бөгөөд таван настай хүү хөршүүддээ сүү хүргэж өгөхөөр явж байсан өвөөгөө даган ойн хажуугийн замаар алхаж явжээ. Тэр үед өтгөн бутнаас Азийн арслан гэнэт үсрэн гарч ирэн, хүүг шүүрэн ширэнгэн ой руу чирсэн байна. Өвөөд нь ач хүүгээ аврах, эсвэл ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх хугацаа байгаагүй гэж ярьжээ. Тэрээр даруй тосгоны оршин суугчдад түгшүүр зарлаж, тусламж хүссэнээр эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна.
Тосгоны иргэд мод, саваагаар зэвсэглэн эрлийн баг бүрдүүлж, хүүг хайж эхэлсэн бөгөөд тосгоноос ойролцоогоор нэг км-ийн зайд түүний хэсэгчлэн идүүлсэн цогцсыг олсон байна.
Үүний дараа Ойн газар болон мужийн албаныхан хамтран есөн цагийн турш өргөн хүрээний ажиллагааг зохион байгуулж, халдлага үйлдсэн эм арсланг оролцуулаад нийт таван арсланг барьсан байна. Эмнэлгийн шинжилгээгээр арслангуудын нэгнийх нь ходоодноос хохирогчийн үлдэгдэл олдсон бөгөөд шүүх эмнэлгийн нарийвчилсан шинжилгээг үргэлжлүүлэн хийж байгаа аж.
Энэхүү эмгэнэлт явдал Чатури тосгоны оршин суугчдын бухимдлыг дээд цэгт нь хүргээд байна.
Тэд орон нутгийн эрх баригчдыг хариуцлага алдсан хэмээн буруутгаж байна. Учир нь, арслангууд суурьшлын бүс рүү нэвтэрч буй талаар өмнө нь хэд хэдэн удаа гомдол гаргаж байсан боловч аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвас тогтоох чиглэлээр ямар нэгэн дорвитой арга хэмжээ аваагүй юм байна.
Гэнэтийн халдлагын дараа орон нутгийн захиргаанаас ойн бүстэй ойр амьдардаг иргэдэд нар жаргаснаас хойш ганцаараа гадагш гарахгүй байхыг анхааруулжээ. Мөн, зөвхөн олуулаа явах биеэ хамгаалах зорилгоор гар чийдэн, мод байнга авч явахыг зөвлөсөн байна.
Эх сурвалж:
• dzen.ru
• 360.ru
• gosrf.ru
• life.ru
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.