Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн хахуулийн хэргийг дахин хэлэлцүүлэх нь

Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн хахуулийн хэргийг дахин хэлэлцүүлэх нь

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс хахууль авсан гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцлээ.

“Бако констракшн” компани нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумд 15 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг нэг тэрбум 356 сая төгрөгөөр барихаар болж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа А.Ишдорж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус компанийн захирал Т.Баатарсүрэнгээс эхнэрийнхээ төрсөн дүү Отгонбаатарын ХААН банкны дансаар дамжуулан 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон.

Үүнд нь Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4-3-т заасан улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх заалтын дагуу яллагдагчаар татсан бол хахууль өгсөн Т.Баатарсүрэнд мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн” гэсэн заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хэлэлцээд А.Ишдорж, Т.Баатарсүрэн нарын үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хэлэлцсэн, 10 сая төгрөгийн хахууль авсан, өгсөн асуудалд бодитоор дүгнэлт хийгээгүй гэж үзэн дахин хэлэлцүүлэхээр буцаалаа. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2 цаг, 47 минут
Ланд 300 хүний грашид нуучаад ,приус унасан явдаг тухай Арвайхээрийн бүгд ярьж байна, сайн шалга