Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайдтай уулзжээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өнөөдөр /2026.06.26/ ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Евгения Котоватай уулзжээ.

Уулзалтын үеэр сайд Э.Батшугар Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд 1995 онд байгуулсан эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжиж ирснийг онцолж, Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт тогтмол хамруулж ирсэнд талархал илэрхийлэв.
Мөн эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж буй хамтарсан сургалтыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ ургийн мэс засал, хүүхдийн мэдрэлийн мэс засал, нүд судлал зэрэг нарийн мэргэжлийн сургалтыг хамруулах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.
Хариуд нь ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Евгения Котова хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бүх чиглэлээр өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хүний нөөц бэлтгэх, шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтойг тэмдэглэлээ.
ОХУ-д анагаах ухааны чиглэлээр 140 монгол оюутан суралцаж байгааг тэрбээр дурдаад, цаашид магистр, докторын түвшний сургалт, судалгаанд хамруулах боломж нээлттэй байгааг мэдээлэв. Мөн эмийн салбарын ажилтан, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, хүүхдийн эмч бэлтгэх, хоёр улсын төрөлжсөн эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Талууд цаашид эмч, мэргэжилтэн бэлтгэх, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, халдварт болон зоонозын өвчний тандалт, хариу арга хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр санал нэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.