Орос, Украины агаарын дайралт эрс ширүүслээ
Орос, Украины дайралт өчигдөр болон 27-28-нд шилжих шөнө эрс ширүүсэж, хоёр тал нисгэгчгүй дрон, пуужин болон их буугаар харилцан хүчтэй цохилт өглөө.
Энэхүү ажиллагааны улмаас олон тооны энгийн иргэд амь үрэгдэж, олон арван хүн шархадсанаас гадна хоёр улсын цэргийн болон эрчим хүчний чухал дэд бүтцүүд их хэмжээний хохирол амссан байна.
Украины Сумы мужид зургаадугаар сарын 26-27-нд шилжих шөнө Оросын талаас 129 нисгэгчгүй дроноор дайралт хийснээс Украины агаарын хамгаалалт 113-ыг нь устгасан гэж мэдэгдэв. Гэвч нэг дрон орон сууцны барилгыг мөргөсний улмаас 66 настай иргэн амиа алдаж, 13 хүн шархадсан байна.
Түүнчлэн, Никополь хотод Оросын талаас 40 гаруй удаа дрон болон их буугаар цохилт өгч, нэг иргэн амиа алдсан бол Запорожье мужид есөн иргэн (тэдний дөрөв нь хүүхэд) шархаджээ.
Зургаадугаар сарын 28-ны өглөө эрт Оросын арми Киев хот руу баллистик пуужингаар харваж, Дарницкий дүүрэгт унасан пуужингийн хэлтэрхийн улмаас нэг хүн шархадсан байна.
Нөгөө талд, Украины зэвсэгт хүчин Оросын нутаг дэвсгэр болон Оросын хяналтад байгаа бүс нутгуудад дроны цохилт өгчээ.
Брянск мужийн хилийн ойролцоох тосгонд Украины дрон суудлын автомашиныг оносноор дотор нь явсан хоёр хүн амиа алдсан гэж мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч мэдээлэв. Мөн Оросын хяналтад байгаа Донецк мужийн Горловка, Макеевка хотуудад дроны цохилтын улмаас хоёр иргэн амиа алдсан байна. Ростов мужид байрлах Дэлхийн хоёрдугаар дайны түүхийн хамгийн том цогцолбор болох Самбек өндөрлөгийн музей Украины дронд өртөж, 12 хүн шархадсан бөгөөд Краснодар хязгаарын Славянск-на-Кубани дахь газрын тос боловсруулах үйлдвэрт дрон унаж их хэмжээний гал гарчээ.
Украины тал Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор болон эрчим хүчний зангилаа цэгүүдийг онилсон алсын зайн цохилтоо улам идэвхжүүлсэн байна. Украины зэвсэгт хүчин шинээр зохион бүтээсэн "FP-5 Flamingo" алсын тусгалтай далавчит пуужингаа анх удаа ашиглан, хилээс 400 гаруй километрийн зайд орших Волгоград хотын нууц зэрэглэлийн "Титан-Баррикады" зэвсгийн үйлдвэрийг оножээ.
Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдээлснээр, харвасан таван Flamingo пуужингийн гурав нь тус үйлдвэрийг онож, хэд хэдэн цехийг сүйтгэн гал түймэр дэгдээсэн байна. Тус үйлдвэр нь Оросын Искандер-М, Ярс, Тополь-М пуужингийн систем болон шинээр ашиглалтад орсон "Орешник" баллистик пуужингийн эд ангиудыг үйлдвэрлэдэг стратегийн чухал ач холбогдолтой объект бөгөөд халдлагын улмаас нэг ажилтан амиа алдаж, 11 хүн эмнэлэгт хүргэгджээ.
Үүний зэрэгцээ Украины дронууд Москва хотоос зүүн зүгт орших Владимир мужийн Второво дахь "Транснефть" компанийн газрын тос шахах станцын техникийн барилгыг дэлбэлжээ. Украины Аюулгүй байдлын албанаас (СБУ) энэхүү станцыг Оросын нийслэл рүү түлш нийлүүлдэг гол зангилаа бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд хоёр дахь удаагаа цохилтод өртөж байгааг онцолсон байна.
Оросын Батлан хамгаалах яам бямба гарагт 12 цагийн дотор Украины 124 дроныг устгасан гэж мэдэгдсэн бөгөөд Москва хотын дарга Сергей Собянин нийслэл рүү чиглэсэн 21-24 орчим дроныг агаарт амжилттай устгасан хэмээн мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.