АНУ болон Ираны цэргийн мөргөлдөөн эрс ширүүсэж харилцан цохилт өглөө
АНУ болон Ираны хооронд байгуулсан түр эвлэрэл нуран унаснаас хойш хоёр долоо хоногийн дараа талуудын цэргийн мөргөлдөөн эрс ширүүсэж, харилцан хүчтэй цохилт өгч эхэллээ.
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны нутаг дэвсгэрийн гүн рүү дараалсан пуужингийн цохилт өгсөн бол Ираны талаас хөрш зэргэлдээ орнууд дахь АНУ-ын цэргийн баазууд руу хариу дайралт хийж, бүс нутгийн хэмжээнд хурцадмал байдал дээд цэгтээ хүрээд байна.
АНУ-ын Төв командлалын (CENTCOM) мэдээлснээр, Америкийн цэргийн хүчин долоо хоног дараалан Ираны нутаг дэвсгэрт цохилт өгч байгаа бөгөөд хамгийн сүүлийн дайралт нь Каспийн тэнгисийн эрэг хүртэлх гүн хэсгийг хамарчээ. Эдгээр ажиллагааны явцад Ираны тагнуулын цэгүүд, газар доорх зэвсгийн агуулах, цэргийн логистикийн дэд бүтэц болон тэнгисийн цэргийн хүчин чадлыг онилсон байна.
Хузестан мужийн Ахваз хотын ойролцоо хийсэн пуужингийн цохилтын улмаас дөрвөн хүн амиа алдаж, таван хүн шархадсан бөгөөд Ираны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн нэг сарын хугацаанд АНУ-ын дайралтад 59 хүн өртөж амиа алдаж, 666 хүн шархаджээ.
Цэргийн мөргөлдөөнөөс гадна АНУ-ын тал Ираны боомтуудад тэнгисийн бүслэлт тогтоох ажиллагааг эрчимжүүлж байна. Оманы буланд АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлтийг нэвтрэхийг оролдсон "M/T Lavine" худалдааны танкер хөлөг онгоцыг Америкийн хүчин саатуулжээ. Төв командлалын хэвлэлийн төлөөлөгч Тим Хокинсын мэдээлснээр, тус хөлөг онгоцны багийнхан дөрвөн удаагийн анхааруулгыг үл тоомсорлосон тул АНУ-ын цэргүүд хөлгийн хөдөлгүүрийн өрөө рүү гал нээж, хөдөлгөөнгүй болгосон байна. Энэ нь АНУ-аас Иранд далайн бүслэлт тогтоосноос хойш саатуулагдсан хоёр дахь арилжааны хөлөг онгоц боллоо.
Ираны зэвсэгт хүчин АНУ-ын цохилтын хариуд Иордан, Бахрейн, Кувейт зэрэг хөрш зэргэлдээ орнууд дахь Америкийн цэргийн баазууд болон холбоотнууд руу нь нисгэгчгүй аппарат болон пуужингаар цохилт өгсөн байна.
Иорданы өмнөд хэсэгт байрлах агаарын бааз руу хийсэн Ираны пуужингийн дайралтын улмаас АНУ-ын гурван цэрэг амиа алджээ. Үүний зэрэгцээ Ираны дэмжлэгтэй Йемений хусит босогчид Улаан тэнгист Саудын Арабын хоёр газрын тосны танкер руу халдаж, Баб эл-Мандебын хоолойд бүслэлт зарласан нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ богино хугацаанд 100 ам.доллар давж өсөхөд хүргэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ Америкийн тал цохилтоо өргөжүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэсэн ч дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байгааг дурджээ. Гэвч Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Тегеран улс АНУ-ын дарамт шахалтад бөхийхгүй гэдгээ ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын тагнуулын байгууллагуудын мэдээлснээр, 2026 оны хоёрдугаар сард эцгийгээ нас барсны дараа Ираны Дээд удирдагч болсон Можтаба Хаменеи өмнөх удирдагчаасаа илүүтэйгээр цөмийн зэвсэгтэй болох эрмэлзэлтэй байгаа аж.
Ирэх долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Цагаан ордонд зочилж, Ерөнхийлөгч Трамптай уулзахаар төлөвлөж байна.
Эх сурвалж:
• pbs.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.