🔴Энэ хичээлийн жилд нэг ч сургууль гурван ээлжээр хичээллэхгүй
Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулахтай холбоотой цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өглөө.
Хурлаар хичээлийн жилийн бүтэц, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу "COP17"-той холбоотой сургалтын үйл ажиллагааны зохицуулалт болон цэцэрлэг, нэгдүгээр ангийн бүртгэлийн талаарх мэдээллийг хүргэсэн юм.
Ирэх 2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийг салбарын 10 гаруй мянган багш, ажилтны саналыг үндэслэн шинэчлэн баталжээ. Өнгөрсөн хичээлийн жилд хэрэгжүүлсэн гурван улиралтай бүтцийг өөрчилж, эргэн дөрвөн улиралтай байхаар зохион байгуулсан байна. Учир нь гурван улиралтай байх тохиолдолд хичээлийн нэгдүгээр улирал 16-17 долоо хоног үргэлжилж, багш болон сурагчид хэт ядрах, төвлөрөх чадвар буурах зэрэг хүндрэлүүд гарчээ. Шинэ бүтцээр сурагчид 7-9 долоо хоног хичээллээд улирлын амралт таарахаар зохицуулсан байна.
Мөн бие даалтын долоо хоногийг нийслэлд хоёрдугаар улирлын төгсгөлд буюу ханиад томууны дэгдэлт, утааны идэвхжил нэмэгддэг хуанлийн жилийн 46-48 дахь долоо хоногт тааруулан төлөвлөжээ.
Харин орон нутагт мал төллөх хугацаатай уялдуулан гуравдугаар улирлын эхэнд бие даалтын долоо хоногийг амралтын хугацаатай нь нэгтгэж, 14 хоног байхаар шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд бие даалтын долоо хоногийг тааруулж, сургалтын үйл ажиллагаанд гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хадгалахаар болжээ.
Хичээлийн жил сунаж, зургаадугаар сарын дунд үе хүртэл үргэлжилдэг байдлыг халж, бага ангийн сурагчдыг зургаадугаар сарын 1-н гэхэд, дунд болон ахлах ангийнхныг зургаадугаар сарын эхний хоёр долоо хоногт багтаан амраахаар зохицуулсан байна. Ингэхдээ хуульд заасан 175-180 хоног хичээллэх хугацааг бүрэн мөрдөнө.
Монгол Улс энэ жил НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын "COP17" бага хурлыг эх орондоо зохион байгуулах бөгөөд урьдчилсан байдлаар гадаадын 2800 гаруй өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгч оролцох тооцоо гарчээ. Үүнтэй холбогдуулан наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны боловсролын байгууллагууд ажлын байран дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй, бэлтгэл ажлыг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Улаанбаатар хотын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургуулиудын нэмэлт элсэлт болон хичээл сонголтын үйл ажиллагаа наймдугаар сарын 17-ноос эхлэн бүрэн цахимаар явагдана. Иймд хөдөө орон нутгаас ирж суралцах оюутнууд наймдугаар сард Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй бөгөөд есдүгээр сарын 1-нээс удиртгал хичээлүүд цахимаар эхэлж, есдүгээр сарын 14-ний өдрөөс танхимын хичээл болон дотуур байрны үйлчилгээ хэвийн горимд шилжих юм.
"COP17" хурлын бүсэд хамаарах нийслэлийн төвийн зургаан дүүргийн 72 сургууль, 60 гаруй цэцэрлэгийн танхимын хичээл есдүгээр сарын 1-нээс хэвийн эхлэх бөгөөд бэлтгэл ажлыг цахимаар хангана. Харин хөдөө орон нутгийн бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагаа хуулийн хугацаандаа хэвийн эхэлнэ.
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 10-наас 23-ны хооронд "E-Mongolia" платформоор дамжуулан цахимаар зохион байгуулна. Иргэний хаяг байршлын мэдээлэлд үндэслэн хүүхдүүдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт нь автоматаар хуваарилах тул эцэг эхчүүд наймдугаар сарын 7-ноос өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө эцэслэсэн байх шаардлагатай. Өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3, 4, 5 настай хүүхдүүдийн мэдээлэл автоматаар баталгаажиж, анги дэвших юм.
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 17-ны өдрийн 08:00 цагаас наймдугаар сарын 28-ны 23:59 цаг хүртэл цахимаар явагдана. Эцэг эхчүүд наймдугаар сарын 14-ний өдрөөс өмнө шилжилт хөдөлгөөн болон хаягийн мэдээллээ баталгаажуулсан байх ёстой. Энэ жил "COP17" хуралтай холбоотой хязгаарлалт тогтоосон тул сургууль, цэцэрлэгүүд дээр биеэр очиж зөвлөгөө авах дэмжлэгийн баг ажиллахгүй, бүртгэл болон мэдээлэл өгөх үйл ажиллагааг 100 хувь цахимаар зохион байгуулна.
Энэ үеэр 2026 онд эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцаж буй зургаан мянга гаруй оюутны тэтгэлэг сургуулиудын дансанд ороогүй байгаа бөгөөд үүнийг 2027 оны төсөвт тусгах чиглэлээр Засгийн газрын тогтоол батлуулан, ажлын хэсэг ажиллаж байгааг дурдлаа.
Мөн нийслэлд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 37 сургуулийг тодорхойлж, түрээсийн байр ашиглах, хотхоны бага сургууль байгуулах зэрэг зохицуулалтыг хийж байгаа тул энэ хичээлийн жилд нэг ч сургуулийг гурван ээлжинд шилжүүлэхгүй гэдгийг онцлов. Сурах бичгийн хувьд нэгдүгээр ангийн шинэчилсэн хөтөлбөрийн сурах бичгийг шинээр хэвлэх бөгөөд бусад ангийн сурах бичгийн хангалтыг сургууль хоорондын зохицуулалт болон түрээсийн сурах бичгийн нийлүүлэлтээр бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.