Египетийн боомтод АНУ-ын хийн тээвэрлэгч хөлөг дроны халдлагад өртлөө
Египетийн Газар дундын тэнгисийн Дамиетта боомтод байрлаж байсан АНУ-ын эзэмшлийн шингэрүүлсэн байгалийн хий (ШБХ) хадгалах "Energos Winter" хөлөг онгоц дрон халдлагад өртөж, гал гарсан ноцтой хэрэг 2026 оны долоодугаар сарын 29-ний Лхагва гарагт гаржээ.
Энэхүү явдал нь тус бүс нутагт мөргөлдөөн хурцадсанаас хойш Египетийн Газар дундын тэнгис дэх ШБХ-ны экспортын дэд бүтцэд нөлөөлсөн анхны халдлага болж байна. Халдлагын улмаас хүний амь нас хохироогүй бөгөөд хөлгийн багийн гишүүдийг аюулгүй нүүлгэн шилжүүлжээ.
Халдлага болох үед "Energos Winter" хөлөг онгоц өөр нэгэн тээвэрлэгч хөлгөөс хий хүлээн авч байжээ. Дроны цохилт хөлгийн баруун талд туссаны улмаас гал гарч, улмаар ойролцоо байсан Грекийн эзэмшлийн "Gaslog Salem" хэмээх ШБХ тээвэрлэгч хөлөг рүү дамжин тархсан байна. Маршаллын арлуудын далбаатай "Energos Winter" хөлөг нь 138,250 шоо метр багтаамжтай бөгөөд АНУ-ын "Energos Infrastructure" компанийн эзэмшилд байдаг аж. Хэргийн газарт Египетийн онцгой байдлын болон гал түймэртэй тэмцэх багууд шуурхай ажиллаж, галыг хяналтдаа авсан байна.
Их Британийн далайн аюулгүй байдлын "Ambrey" фирм болон "Vanguard", "Marisks" зэрэг хамгаалалтын байгууллагууд үүнийг дрон халдлага гэж тодорхойлсон байна. Харин Египетийн Газрын тосны яамнаас гаргасан албан ёсны мэдэгдэлд хөлөг онгоцонд гал гарсан гэдгийг баталсан боловч дрон эсвэл пуужингийн цохилтын талаар огт дурдаагүй бөгөөд техникийн гэмтлээс шалтгаалсан байж болзошгүй гэж тайлбарлажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.