🔴АН: Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг хуулийн үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн
Ардчилсан намын “4:11” мэдээллийн цагаар цаг үеийн тулгамдсан асуудлууд болон орон нутагт үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Эдийн засгийн хамгийн гол үзүүлэлт болох төсвийн алдагдал цар тахлын үеийнхтэй дүйцэхүйц хэмжээнд хүрч, шатахууны хомсдол болон үнийн дарамт иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгааг шүүмжилж, эрх баригчид эдгээр тулгамдсан асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэхийн оронд улс төрийн зорилготой шийдвэрүүдийг ар араас нь гаргаж байгааг АН-ын удирдлагууд дурдлаа.
Үүнтэй холбогдуулан АН-ын дарга О.Цогтгэрэл долоодугаар сарын 29-ний өдрийн А/1030 дугаар тушаалаар “Төрийн сонгуулийн үр дүн болон сонгогчдын эрхийг хамгаалах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулсан байна. Тус ажлын хэсгийг АН-ын дэд дарга О.Өнөрбаяр ахалж байгаа бөгөөд төрийн сонгуулийн үйл ажиллагааг хууль бусаар авах, сонгогчдын эрхэд халдах асуудлаар тодорхой мэдээллүүдийг олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.
Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр:
-Эрх баригчдын хүн нь солигдсон ч арга барил нь өөрчлөгдөхгүй, ардчилсан сонголтыг үргэлж буруу аргаар хулгайлдаг хэвээр байна. Өчигдөр Ерөнхий сайдын захирамжаар АН-ын цөөн ялсан аймгуудын нэг болох Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг хуулийн үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. АН-ын зүгээс хуульчидтайгаа хамтран уг шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандана гэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-МАН-ынханд эрх мэдэл багадаагүй. Тэд АН-ыг засаглаж буй ганц нэг аймагт ажил хийлгэхгүй байна. Чөлөөлөгдсөн Засаг дарга саяхан гарсан малын шүлхий өвчинтэй тэмцэхээр өдөр шөнөгүй ажилласан. Түүнд ямар нэгэн хариуцлага алдсан асуудал байхгүй. Гэтэл Тамгын газрын дарга нь бүтэц, орон тооны асуудал дээр захиргааны алдаа гаргасны төлөө Засаг даргыг нь огцруулж, Тамгын даргад нь эрүүгийн ял шийтгэл оногдуулахаар улайрч байгаа нь цэвэр улс төрийн захиалгат хэрэг. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, иргэдийн орлого зогсонги байдалд орж, хувийн хэвшлийнхэн хаалгаа барьж байхад Ерөнхий сайд ажлаа сайн хийж байгаа Засаг даргыг огцруулахаа зогсоох хэрэгтэй. Мөн 100 жилийн ойгоо тэмдэглэж буй сумдад дэд бүтэц, хүний хөгжил орхигдож, зөвхөн Хаан банк болон сумын ЗДТГ л ажиллаж байна. Баяр наадмын олон бай шагналын зардлыг сумын хөгжил, иргэдийн амьжиргаа руу чиглүүлэх хэрэгтэй гэв.
АН-ын зүгээс Ерөнхий сайдын гаргасан хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар ажиллах бөгөөд цаашид Ерөнхий сайдад өөрт нь улс төрийн хариуцлага тооцох асуудлыг намын Улс төрийн зөвлөл болон УИХ дахь бүлгийн хамтарсан хурлаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа хэтэрхий эрт орж, сонгуулиас сонгуулийн хооронд улс орныг амьдруулах биш, иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэх бодлого дутагдаж байгааг шүүмжилсэн юм.
Мэдээллийн үеэр эрх баригч намаас томилогдсон Засаг дарга нарын хууль бус үйлдлийг шалгахгүй байгаа асуудлыг хөндлөө. Тухайлбал, Дундговь аймгийн удирдлагууд төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгааг баримтаар дурдав.
Дундговь аймаг жилийн 90 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд үүний 41 тэрбум төгрөг дээр нь аудитын дүгнэлтээр хариуцлагагүй хандсан зөрчил илэрсэн байна. Жишээлбэл, тус аймагт 8.6 тэрбум төгрөгийн өртөгтэй хог шатаах үйлдвэр байгуулах асуудал яригдаж байна. Хуулийн дагуу тавдугаар сарын 10-наас зургаадугаар сарын 20-ны хооронд тендерүүд зарлагдаж дуусах ёстой байтал хугацаандаа зарлаагүй. Долоодугаар сарын сүүлээр өөрийн хамаарал бүхий компанийг дур мэдэн сонгон шалгаруулсан зөрчил гаргажээ
АН-ын удирдлагууд эрх баригчдын шатахууны нөөц болон үнийн талаарх зөрүүтэй мэдээллүүдийг эрс шүүмжилсэн юм. Зургаадугаар сарын эхээр Ерөнхий сайд болон салбарын сайд нар “2026 оны 12 сар хүртэл бензин шатахуун тасалдахгүй, үнэ нэмэгдэхгүй” хэмээн олон нийтийн сүлжээгээр сурталчилж, Дамдинням сайдтай хамтран лайв хийж байсан ч өнөөдөр шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдээд байна. Шатахууны үнийн өсөлт нь цаашид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж, иргэдийн амьжиргаанд хүнд дарамт учруулах нь тодорхой болоод байна.
АН-ын зүгээс дараах асуудлуудыг шаардаж, тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ:
-Ерөнхий сайдын гаргасан хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандах
-Нүүрсний хулгай болон Туулын хурдны замтай холбоотой тендерийн асуудалд холбогдсон албан тушаалтнуудад, мөн Нийслэлийн Засаг даргыг огцруулсантай адил шат шатны хариуцлагыг бодитоор тооцохыг шаардах
-Хуулийн байгууллагуудыг улс төрийн зорилгоор ашиглаж, сөрөг хүчнээ хүчгүйдүүлэх гэсэн оролдлогуудыг таслан зогсоох
-Парламентад суудалтай бусад намуудтай улс орны язгуур эрх ашгийн төлөө хамтран ажиллах.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.