🔴Б.Дашпүрэв: 10 хоногт багтаан шатахууныг хэвийн хэмжээнд хүргэнэ

AI хөрвүүлсэн
🔴Б.Дашпүрэв: 10 хоногт багтаан шатахууныг хэвийн хэмжээнд хүргэнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ) болон Ашигт малтмал, газрын тосны газраас (АМГТГ) улс орны хэмжээнд үүсээд буй шатахууны нөхцөл байдал, нөөц хангамж болон цаашид авах арга хэмжээний талаар өнөөдөр хамтарсан мэдээлэл хийлээ.

Сүүлийн өдрүүдэд газрын тосны бүтээгдэхүүний хангамж тасалдаж, иргэдийг бухимдуулсан урт дараалал үүссэн бөгөөд хөдөө орон нутагт шатахууны тасалдал үүсээд байна. Энэ нөхцөл байдал нь Ойрх Дорнодын хурцадмал байдал болон ОХУ-д үүссэн дайны нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн саруудад газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангамж тодорхой хэмжээгээр доголдож байгаатай шууд холбоотойг салбарын яамнаас тайлбарлав.

Монгол Улсын Засгийн газраас нөөцийн савыг нэмэгдүүлэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа ч өнөөдрийн байдлаар хэрэглээ асар хурдтай өсөж, агуулах савны нөөц хүрэлцэхгүй байгааг дурдлаа. 

Үндсэндээ замд яваа вагон цистерний хэмжээг оролцуулан тооцоход Монгол Улсын хэмжээнд хамгийн дээд тал нь 42 хоногийн нөөц бүрдүүлэх боломжтой бөгөөд бодит савны багтаамж нь 30 хоногийн нөөцийг хадгалдаг. Үндэсний баяр наадмын өмнө савны дээд хэмжээ буюу 30 гаруй хоногийн нөөцтэй ажилласан боловч дотоодын аялал жуулчлал идэвхжсэнтэй холбоотойгоор хэрэглээ огцом нэмэгджээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:

  • А-92 автобензин: 15 хоногийн буюу 31 мянган тонн
  • Дизель түлш: 20 хоногийн буюу 80 мянган тоннын нөөцтэй байна.

Салбарын яамнаас нөөцийг богино хугацаанд буюу 10 хоногт багтаан хэвийн хэмжээнд хүргэхээр дараах ажлуудыг зохион байгуулж байна.

  • ОХУ-аас авах нийлүүлэлт: Долоодугаар сард авсан хэмжээнээс нэмэгдүүлсэн захиалгыг баталгаажуулсан. ОХУ дотооддоо нөөцийн хомсдолтой, үнэ нь нэмэгдсэн хүнд нөхцөлд байгаа ч Монгол Улсад өндөр ач холбогдол өгч, тасралтгүй нийлүүлэлт хийж байна. Наймдугаар сарын эхний 10 хоногт ОХУ-ын "Роснефть" компаниас өдөрт таваас дээш вагон цистерн бүтээгдэхүүн ачуулах хүсэлт тавьсныг нааштайгаар шийдвэрлэхээ мэдэгдсэн.
  • БНСУ-аас авах нийлүүлэлт: Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Д.Дамдинням холбогдох аж ахуйн нэгжүүдийн хамт өнөөдөр БНСУ-д ажиллаж, тус улсын холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж байна. Уулзалтаар БНСУ-аас онгоцны түлш болон дизель түлш авахаар тохиролцсон. Тээвэр ложистикийн хувьд далайн тээвэр болон дотоодын төмөр замын тээвэр нээлттэй бөгөөд БНХАУ-ын боомт дээрх савны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
  • БНХАУ-аас авах нийлүүлэлт: БНХАУ-аас Евро-5 стандартын 6 мянган тонн А-92 болон А-95 төрлийн бүтээгдэхүүн авахаар хэлцэл амжилттай хийгдсэн. Аж ахуйн нэгжүүд худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд маргаашаас ачилт хийгдэж эхэлнэ. Мөн онгоцны түлшний хувьд БНХАУ-аас 3 мянган тонн бүтээгдэхүүн авахаас эхний 1000 тонн нь маргааш гэхэд Эрээн өртөөнд орж ирнэ.

Нөөц багассантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд нөөцөө тогтоон барих зорилгоор хязгаарлалттай олгож байгаа бөгөөд зарим газарт огт олгохгүй байгаа тохиолдол гарсан. Үүнээс үүдэн нээлттэй байгаа цөөн ШТС-ууд дээр урт дараалал үүсэж байна. Яамны зүгээс нийт аж ахуйн нэгжүүдэд тэгш олголт хийх нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Орон нутгийн хувьд аймгийн төвүүдэд түгээлт харьцангуй сайн байгаа ч зарим сумдад тасалдал үүссэн. Нийслэлийн хэмжээнд "Петровис" компанийн нөөц багассан бол "Шунхлай" болон "Тэс Петролиум" компаниуд лимит тогтоон борлуулж байна. Маргаашаас эхлэн "Петровис", "Сод Монгол", "Тэс Петролиум", "Шунхлай" компаниудын нөөцийг нэмэгдүүлэх бодлогын ажлууд хэрэгжиж, түгээлт нэмэгдэн нөхцөл байдал хэвийн болно. 

Баруун бүсийн хувьд ОХУ-ын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан Боршоо, Цагааннуур боомтуудаар Евро таваас бусад бүтээгдэхүүн орж ирэх боломжгүй болсон тул Улаанбаатар хотоос хангалтыг хийж байна. Мөн Баруунхараагийн улсын нөөцөөс тодорхой хэмжээний бүтээгдэхүүн татаж Улаанбаатар, Хөвсгөл, Булган болон баруун аймгуудын хангалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.