🔴Н.Учрал: 2026 төсвийн тодотгол нь 1.4 их наяд төгрөгийг хэмнэнэ

AI хөрвүүлсэн
🔴Н.Учрал: 2026 төсвийн тодотгол нь 1.4 их наяд төгрөгийг хэмнэнэ

Өнөөдөр УИХ-ын дэд даргад 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ. Төсвийн тодотгол нь үнийн өсөлт, эрчим хүч, түлш шатахууны тасалдалт доголдлоос ард түмнээ, улс орноо хамгаалах, эдийн засгийн бодит тооцоолол болохыг Монгол Улсын ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. 

Ерөнхий сайд Н.Учрал: 

-Төсвийн тодотгол хийснээр бид төсвөө 1.4 их наяд төгрөгөөр хэмнэж байна. Томилолт, сургалт сурталчилгаа, тавилга хогшил, машин техник, зөвлөх үйлчилгээ, элдэв тэтгэмж, шагнал, хурал форум, баяр ёслол, тээвэр шатахууны зардал болон цаасны зардлыг бүхлээр нь танаж байна.

Төр зардлаа танахдаа төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг бүгдийг нь бууруулсан. Сайд нарын багцын урсгал зардлаас нийт 430.4 тэрбум төгрөгийг хэмнэсэн нь сайд нар зөвхөн цалингаа тавиад өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулна, нэмэлт зардал огт байхгүй. 

Хэмнэсэн 1.4 их наяд төгрөгийг буцаагаад боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуулж суурь тэтгэвэр олгох заалт, стратегийн нөөцүүдийн хангамжийг тогтворжуулах, хэрэглэгчид болон эрчим хүчний салбарт ирэх тарифын алдагдлын татаас олгох, мөн "Гэртээ ойрхон сургууль" хөтөлбөрт зориулна.

Улсын хэмжээнд сургуулиудын 80 хувийг 35-аас доош дүүргэлттэй болгох бэлтгэл ажлыг энэ зун бүрэн хангасан. Мөн МУИС, ШУТИС болон Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын хөтөлбөрийг бүсчилсэн ахлах сургуулиудтай уялдуулна. Хувийн сургуулиудын сул орон зай, хоосон анги танхимыг ашиглаж хүүхдүүдийг гэртээ ойрхон сургах зорилгоор тодотголд 50 тэрбум төгрөг тусгалаа.

УИХ-аар баталсан Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд "суурь тэтгэвэр" гэдэг ойлголтыг бүрдүүлж өгсөн. Суурь тэтгэвэр олгох заалтыг төсвийн тодотгол баталсны дараа буюу 11 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр өргөн мэдүүллээ. Суурь тэтгэвэр нэмэгдсэнээр ахмадуудын тэтгэвэр дунджаар 220,000-233,800 төгрөгөөр ялгамжтай нэмэгдэнэ. 

Төр зардлаа хэмнэж танасан тул иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалахын тулд цалин хөлс дээр бодлого гаргах ёстой. Төрийн албан хаагчдын цалинг ялгамжтай тогтоож, дуусдаггүй яриа үүсгэдэг байсан 33 хуулийг цэгцэлж байна.

Засгийн газар байгуулагдсан даруйдаа боловсролын салбарын хоёр өөр цалингийн системийг нэгтгэж, 50 хувийн нэмэгдлийг тооцсон. Эрүүл мэндийн салбарт өмнө нь 30 хувийн нэмэгдэл өгсөн байсныг дахин 20 хувиар нэмж, боловсролын салбартай адилхан 50 хувийн цалингийн нэмэгдэлтэй болгож тэнцүүлж байна. Бусад салбарынхан, тухайлбал байгаль орчин, хөдөө аж ахуй, соёл, спорт, цаг уур зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалин багш, эмч нараас ялгаатай ч нэмэгдлийг нь адилхан 50 хувь руу дүйцүүлж байна. 

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдэд хүндээр тусаж байгаа тул хяналтыг сайжруулах зорилгоор Сангийн яаман дээр ажлын хэсэг гаргаж, махны нөөц бүрдүүлэлт, борлуулалтын бүх процессыг цахимжуулсан. Өмнө нь мах нөөцлөхөд хөнгөлөлттэй зээл авсан компаниуд зээлээ зориулалтын дагуу ашигласан эсэхийг бүрэн хянаж чаддаггүй байсан бол одоо малчин өөрөө агуулахад махаа тушаахад төлбөр нь шууд малчны дансанд орж, зээл нь компани дээр бичигдэх зохицуулалтыг Монголбанктай зөвшилцөн хэрэгжүүлж байна.

Бүртгэл хяналтыг цахимжуулсны үндсэн дээр тариаланчдын намрын ургацаас улаан буудай худалдан авч, гурилын дотоод үйлдвэрлэлийг дэмжих, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаан буудайн нөөц бүрдүүлнэ. Бага орлоготой иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор 12 мянган тонн хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ. Энэ жил 20 мянган тонн махны нөөц бүрдүүлнэ. Үүний хадгалалт, борлуулалтыг "И-Баримт" системээр бүртгэж, агуулахын үлдэгдлийг цахимаар хянана. 

Мөн 120 мянган тонны стандартын шаардлага хангасан зоорь, агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хөнгөлөлттэй зээлийн татаасыг төсвийн тодотголд тусгалаа. Ингэснээр хүнсний ногоо, махаа стандартын дагуу хадгалах боломж бүрдэнэ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийт 300 мянган м³ шатахууны нөөцийн сав барих ажил эхэлсэн бөгөөд эхний ээлжинд энэ намар 150 мянган м³ буюу 14 хоногийн шатахууны нөөцийн сав ашиглалтад орно. Төрөөс шатахууны сав худалдаж авахгүй, зөвхөн хүүгийн татааст 20 тэрбум төгрөг төсөвлөж, хувийн хэвшлээр хамгийн бага зардлаар бариулж байна.

Эрчим хүчний салбарт 1 кВт цахилгааныг 333 төгрөгөөр үйлдвэрлээд иргэдэд 304 төгрөгөөр зардаг тул энэ салбар алдагдалтай ажилласаар ирсэн. Гэвч иргэдэд үнийн өсөлт хүнд тусаж байгаа тул эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж байна. Хэрэглэгчдэд санхүүгийн дарамт үүсгэхгүйн тулд татаасанд 107.3 тэрбум төгрөг тавьж байна. Үүнд:

  • БНХАУ-аас импортлох цахилгааны алдагдлын татааст 51 тэрбум төгрөг,
  • Баруун бүсийн Оросын импортын цахилгааны тарифын алдагдалд 30 тэрбум төгрөг,
  • Төвийн бүсийн импортын цахилгааны үнэ 9.3-аас 12.5 хувиар нэмэгдсэнтэй холбоотой үнийн өсөлтийн татаас багтсан.

Монгол Улсын төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцөд ирэх дарамтыг бууруулах зорилгоор 15 жилийн хугацаатай төсвийн дэмжлэгийн зээлийг УИХ-д өргөн мэдүүлж байна. Энэхүү зээлийг эрүүл мэндийн салбарт илүү ашиглах бөгөөд Засгийн газраас ахмадуудын өдөр тутам хэрэглэдэг даралтын болон бусад эмийг дундын зуучлагчгүйгээр, нэг эх үүсвэрээс шууд худалдан авах шийдвэр гаргасан. Ингэснээр үнийн хөөрөгдлийг бууруулж, эмийг хөнгөлөх бодлого хэрэгжинэ.

Төсвийн тодотголоор ТӨК-ийн ногдол ашгийг иргэн бүрд хүртээх улс төрийн шийдвэр гаргаж, Баялгийн сангийн хуулийг дагалдуулан өөрчлөлт оруулж байна. Хуримтлалын санд төвлөрсөн мөнгийг иргэдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилах эрх зүйн орчныг бүрдүүллээ. Хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр дэлхийд алдартай "Franklin Templeton" болон "BlackRock" (Рела Рок) компаниудтай санамж бичиг зурж, хамтран ажиллаж байна. "Эрдэнэс Монгол" компанийг олон улсын жишгийн дагуу "Чингис хаан үндэсний баялгийн сан" болгон өөрчилж байна.

Мөн Үнэт цаасны хуульд өөрчлөлт оруулж, "Эрдэнэс Тавантолгой" (ЭТТ) компанийн 1072 хувьцааг СЗХ-нд бүртгэж, хоёрдогч зах зээл дээр гаргаж эргэлтэд оруулах шийдвэр гаргалаа. Үүний дараа ЭТТ компанийг нээлттэй компани болгож бирж дээр бүртгүүлснээр иргэд хувьцаагаа арилжих, шийдвэр гаргалтад оролцох боломж бүрдэнэ.

Засгийн газраас авлигын эсрэг сайн засаглалыг бэхжүүлэх "Чөлөөллийн үндэсний санаачилга"-ыг дэвшүүлсэн. Хүний оролцоог бууруулж, бүх үйл ажиллагааг цахимжуулж байгаа бөгөөд авлигатай холбогдсон албан тушаалтнуудын хэргийг хууль хяналтын байгууллагад шууд шилжүүлж байна. Мөн нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хурааж, нийтийн орлого болгох тухай "Хөрөнгө хураах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл"-ийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд төсвийн тодотголоос өмнө УИХ-д өргөн мэдүүлнэ.

Энэ өвөл маш хүйтэн өвөл болно. Дэлхий нийтийн геополитикийн хурцадмал байдал, худалдааны дайны үр нөлөөг бид хамтдаа туулж байна. Энэ хүндрэлийг хоосон улс төржилтөөр биш, дотоод эв нэгдэл, зөвшилцлөөр давж гарна. Улс төрийн намууд болон ард иргэдээ улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна. Төсвийн тодотголоор ямар нэгэн төрийн албан хаагчийг ажлаас цомхотгохгүй, иргэдийнхээ орлогыг бүрэн хамгаална гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.