🔴Г.Дамдинням: Геополитикийн зөрчилт байдлаас үүдэн дэлхийн зах зээл дээрх автобензиний үнэ тасралтгүй хэлбэлзэж байна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:
-Шатахууны импортын хяналтыг чангатгах хүрээнд бүтээгдэхүүнийг хилээр нэвтрэхээс эхлэн агуулахад буулгах, улмаар шатахуун түгээх станцуудаар иргэдийн гарт очих хүртэлх бүх шатанд лацдан хянаж байна. Хяналт шалгалтын бүтцийн байгууллагууд газар дээр нь ажиллахад ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил илрээгүй. Цаашид сар бүрийн эцэст гаалиар орж ирсэн бүтээгдэхүүний хэмжээг борлуулсан шатахууны хэмжээтэй тулган санхүүгийн давхар хяналт тавих ажлыг хэрэгжүүлнэ.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн 14 мянган тонн энгийн болон Евро-5 стандартын АИ-92 автобензин орж ирж, "Петровис", "Шунхлай", "Тэс" зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийн ШТС-уудаар түгээгдэж эхэлсэн. ОХУ-ын Ангарскийн үйлдвэрт зөвхөн Монгол Улс болон Киргиз улсад зориулан үйлдвэрлэдэг, хүхэр болон бензолын агууламж өндөртэй Евро-2 стандартын шатахууныг манай улс тогтвортой, хямд үнээр худалдан авч ирсэн. Энэхүү гэрээний дагуу дэлхийн зах зээл дээрх үнэ гурван сар тасралтгүй өндөр түвшинд хүрэхгүй бол үнийг өөрчлөхгүй байх зохицуулалттай. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд тонныг нь 705 ам.доллароор тогтвортой авч, дотоодын үнийг барьж ирсэн. Геополитикийн зөрчилт байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээрх үнэ тасралтгүй хэлбэлзэж байна. Үүнээс шалтгаалан энгийн АИ-92 бензиний үнэ огцом өсөх эрсдэлтэй байсныг ОХУ-тай хэлцэл хийсний үр дүнд тус улсын дотоодын биржийн үнээр худалдан авах зохицуулалтад шилжүүлж, үнийг харьцангуй тогтвортой барьж байна.
Евро-2 нь Евро-5-тай харьцуулахад хүхрийн агууламж 50 дахин, бензолын агууламж тав дахин их байдаг нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд маш хортой бөгөөд Улаанбаатар хотын өвлийн агаарын бохирдлын 30 хувийг бүрдүүлдэг. ОХУ-ын дотоодод шатахууны хомстол үүсэж, 30 гаруй боловсруулах үйлдвэрийн 20 орчим нь халдлагад өртсөн зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул манай улс БНХАУ-аас ирэх оны есдүгээр сараас эхлэн Евро-5 стандартын бүтээгдэхүүн тогтвортой авах урт хугацааны гэрээ хэлцлүүдийг хийж байна. Урд хилээр шатахуун хүлээн авч, дамжуулан ачих хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж, 150 мянган м³ (нийт хэрэглээний 60 гаруй хувь) болгосон. Мөн онгоцны түлшний хангамжид анх удаа олон улсын стандартын "Jet A-1" түлшийг импортолж эхэлсэн гэв.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
-Энэ оны хаврын тариалалтаар улсын хэмжээнд 370 орчим мянган га талбайд тариалалт хийснээс:
- Улаан буудай: 318 мянган га
- Төмс: 13 орчим мянган га
- Хүнсний ногоо: 14 орчим мянган га
- Ногоон тэжээл: 90 орчим мянган га
- Тосны ургамал: 94 орчим мянган га талбайд тус тус тариалсан байна.
Засгийн газраас хаврын тариалалтын үеэр газар тариалан эрхлэгчидтэй уулзаж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд найман мянган тонн шатахууныг хөнгөлөлттэй үнээр олгож, 140 орчим тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэсэн. Ургацын урьдчилсан балансаар энэ намар:
- Үр тариа: 555.3 мянган тонн (үүнээс улаан буудай 497-500 мянган тонн)
- Төмс: 168.2 мянган тонн
- Хүнсний ногоо: 220 орчим мянган тонн
- Тосны ургамал: 50 мянган тонн
- Малын тэжээл: 201 мянган тонн хураан авахаар хүлээгдэж байна.
Үүний үр дүнд Монгол Улс дотоодын улаан буудай болон төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 70 орчим хувийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. Намрын ургац хураалтыг технологийн хугацаанд нь буюу 9, 10 дугаар сард багтаан зохион байгуулахаар Ургацын комисс ажиллаж байна.
УИХ-д өргөн бариад байгаа Төсвийн тодотголоор хэмнэсэн 1.4 их наяд төгрөгийн 150 орчим тэрбумыг хүнсний аюулгүй байдал, стратегийн нөөц бүрдүүлэхэд зарцуулна. Үүний хүрээнд улаан буудайн стратегийн нөөцийг 100 мянган тоннд хүргэх, гурилын үйлдвэрүүдэд улаан буудай худалдан авахад нь зориулж санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгох, мөн төмс болон хүнсний дөрвөн төрлийн ногооны стратегийн нөөцийг (10 мянган тонн төмс нөөцлөх) бүрдүүлэх ажлыг эхлүүлнэ. Намрын ургац хураалтад шаардлагатай 2.5 мянган тонн түлшний нөөцийг бүрдүүлэх бөгөөд ирэх хаврын тариалалтын шатахууныг одоогоос бэлтгэхээр төсвийн тодотголд тусгасан байна.
Мөн импортын гурилын чанарт хяналт тавих зорилгоор хийсэн шалгалтаар Монгол Улсад орж ирж буй баяжуулсан гурилын зарим үзүүлэлт үндэсний стандартад нийцэхгүй байгаа нь тогтоогдсон учраас тавдугаар сарын 26-наас эхлэн баяжуулсан гурилын импортын гэрчилгээ олгохыг түр зогсоож, нарийвчилсан хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.
Мал эмнэлгийн салбарын шинэчлэлийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ:
- Есдүгээр сарын 9-ний Засгийн газрын хуралдаанаар "Мал эмнэлгийн шинэчлэлийн аян"-ыг эхлүүлэх тогтоолын төслийг хэлэлцүүлнэ.
- "Нэг сум - Нэг мал эмнэлэг" төслийг ирэх сараас эхлэн 18 аймгийн 25 суманд хэрэгжүүлнэ. Үүнийг Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны санхүүжилтийн чиглэлийг өөрчлөх замаар шийдвэрлэсэн.
- Орон нутгийн баг, сум, аймгийн Засаг дарга нарын мал эмнэлгийн салбар дахь эрх мэдэл болон санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ.
- Баруун аймагт устгагдсан 4 мянга гаруй үхрийн нөхөн төлбөрийг Үндэсний статистикийн хорооны үнэлгээний 90 хувиар тооцож олгох бөгөөд Баян-Өлгий аймгийн олголт цэгцэрсэн, Ховд аймгийн бичиг баримтын бүрдүүлэлт хийгдэж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.