Цэргийн албан хаагчийг хутгалж, амь насыг нь хохироожээ
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч, тус анги дахь цэргийн цагдаагийн ахлагч Ц.Лхагвасүрэн энэ оны долоодугаар сарын 9-нөөс хойш сураггүй алга болсон юм. Бүтэн хоёр сар орчим гэртээ ирэхгүй, сураггүй байхаар нь түүний ар гэрийнхэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хандсан ба мөн олон нийтийн сүлжээнд “Яаралтай олоход туслаач” хэмээн зар байршуулж, зургийг нь нийтэлсэн. Цагдаагийн байгууллагад ч ханджээ.
Үүний үр дүнд цагдаагийнхан сэжигтэй хүнийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар Налайх дүүргийн нутагт цогцсыг нуусан газрыг заалган гаргаж авчээ. Ахлагчийн ээж нь фэйсбүүкт “Миний хүү Лхагвасүрэн нь долоодугаар сарын 9-нд ажлаасаа гараад одоог хүртэл сураг тасраад олдохгүй байна. Наймдугаар сарын 18-нд “Хүү нь амралтаараа Хөвсгөлд ажил хийж байна. Сайн явна” гэж чат бичсэн. Гэтэл тэр чатыг нь өөр хүн бичиж байгааг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан” хэмээн бичсэн юм.
Уг хэрэгт Налайх дахь зэвсэгт хүчний 323 дугаар ангийн офицер, ахмад цолтой Г гэх хүнийг холбогдуулан шалгаж буй аж. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ талийгаачтай үл ялих зүйлээс болж муудалцан, долоодугаар сарын 10-нд хутгалж амийг нь хөнөөснөө хүлээсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй гар утсаар нь ээжтэй нь холбогдож, зурвас бичиж байснаа ч мэдүүлжээ. Мөн утсыг нь ашиглан зээлийн аппликэйшнээс мөнгө зээлсэн нь тодорхой болсон байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагынхнаас тодруулахад “Цэргийн алба хаагчийг хэргийн холбогдогчоор заалган олсон нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулан прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгөх боломжтой” хэмээсэн юм.
Талийгаач ахлагч баяр наадмын дараа буюу өнгөрсөн долоодугаар сарын 20-нд анги байрлалдаа ирэх ёстой ч ирээгүй, 032 дугаар ангийн холбогдох албан тушаалтны гар утас руу “Ар гэрт ажил гарсан, чөлөө олгооч” гэсэн зурвас бичсэн талаар албаныхан мэдээлсэн. Гэтэл энэ зурвасыг талийгаачийн өмнөөс хэргийн холбогдогч ахмад Г бичсэн нь тодорхой болоод байна.
Өдгөө уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.