С.Амарсайхан: Булган аймагт МАН-ын гишүүд цугласан нь үнэн. Үүнийг улс төржүүлж, хэн нэгнийг огцруулах яриа болгон дэгсдүүлэх шаардлагагүй

AI хөрвүүлсэн
С.Амарсайхан: Булган аймагт МАН-ын гишүүд цугласан нь үнэн. Үүнийг улс төржүүлж, хэн нэгнийг огцруулах яриа болгон дэгсдүүлэх шаардлагагүй

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд цаг үеийн тулгамдсан асуудлууд, хууль эрх зүйн шинэчлэл болон олны анхааралд байгаа хэргүүдийн шалгалтын явцын талаар мэдээлэл өглөө.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: 

-Тухайн хэрэг маргаан, хэргийн явцын талаар ярьдаг хүн нь Хууль зүйн сайд биш. Улс төрчид, гишүүд, сайд нар хууль хяналтын байгууллагын өмнөөс улс төрийн зорилгоор, хувийн амбицаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдэгдэл хийсээр байгаад сүүлдээ улс орноо ч, нийгмээ ч хувааж дуусгаж байна. Энэ нь хараат бус хууль хяналтын байгууллагын чадавхыг сулруулж, ажлаа хийх боломжийг олгохгүй байгаа. Үндсэн хуулийн дээд зарчмаар шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй. Өнгөрсөн хугацаанд АТГ дээр ерөнхий сайд асан гурван хүн, УИХ-ын гишүүн асан болон одоо байгаа 17 хүн гээд нийт 145 хэрэг бүртгэл үүсэж, 45 хэргийг шүүх рүү шилжүүлж, шийдвэрлэх шатанд явж байна.

Ирэх долоо хоногт Засгийн газар Барилгын тухай хуулийг өргөн барина. Ингэснээр улсын бүртгэлд нэг байрыг олон дахин зардгаас сэргийлж, баригдаж дуусаагүй барилгад гэрчилгээ олгож барьцаанд тавьдаггүй шинэ системийг бүрдүүлнэ. Иргэд тухайн системээс зөвшөөрөлгүй, туршлагагүй ААН-үүдийг харж, эрсдэлээс сэргийлэх боломжтой. 

Мөн цахим залилангаас сэргийлэх шинэ системийг нэвтрүүлж байна. Иргэд өөрсдийн утсанд ирж буй линк, сошиал хаягуудын алийг нь хуурамч болохыг шалгах боломжтой болох бөгөөд энэ нь гүтгэлэг, доромжлолыг таслан зогсоох эхлэл болно.

Сүүлийн үед хууль бусаар олсон хөрөнгөөрөө хэвлэл мэдээлэл, сошиалаар бие биенийгээ гүтгэж, хууль хяналтын байгууллага болон улс төрчдөд нөлөөлөх гэсэн мафийн сүлжээ шиг оролдлого гарсан. Цагдаагийн дотоод хяналт болон прокурор үүнийг шалгаж байгаа бөгөөд хуулийн дагуу нэг мөр цэгцэлнэ.

Булган аймагт МАН-ын гишүүд цугласан нь үнэн. Салхинд гарч амарсан нь хувь хүний эрхийн асуудал. Үүнийг улс төржүүлж хэн нэгнийг огцруулж, улс төрийн асуудал шийдвэрлэх гэж байгаа юм шиг ярьж байна. Тэнд ямар ч тийм яриа хэлцэл болоогүй. Энэ бол өвөлжилт, төсөв хөрөнгө, хүний эрх, ардчилал болон УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн талаар ярилцсан, урьдаас төлөвлөсөн ажил байсан. Үүнийг улс төржүүлж, хэн нэгнийг огцруулах яриа болгон дэгсдүүлэх шаардлагагүй гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.