🔴Д.Даваабаяр: Орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэхэд хугацаа шаардлагатай
Шатахууны шуурхай штабаас Монгол Улсын түлш, шатахууны хангамж, импорт болон үнийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Энэ үеэр наймдугаар сарын сүүл болон есдүгээр сарын эхээр шатахууны нийлүүлэлт тогтмол, тасралтгүй хийгдэж байгаатай холбоотойгоор импорт, хэрэглээ болон хангамж тодорхой хэмжээнд тогтворжоод байгааг дурдлаа.
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр:
Монгол Улс БНХАУ, ОХУ зэрэг гадаад нийлүүлэгчдээс 2026 оны есдүгээр сард худалдан авахаар нийтдээ Евро автобензин – 68,700 тонн, АИ-95 бензин – 3,200 тонн, дизель түлш – 147,880 тонн, онгоцны түлш – 8,000 орчим тонн баталгаажсан захиалгуудыг хүргүүлээд байна.
Мөн есдүгээр сарын 1-7-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 11,600 тонн автобензин, 120 тонн АИ-98 бензин, 46,000 тонн дизель түлш, 1,800 тонн онгоцны түлш импортоор орж ирсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам (УБТЗ)-ын хэмжээнд 137 вагон буюу 8,200 тонн автобензин замд явж байна. Үүнээс 70 вагон буюу 4,200 тонн автобензинийг буулгалтын өртөө, гэрээт агуулахуудад буулгахаар ажиллаж байна.
Иргэдийн дунд АИ-95 бензиний олдоц муу байна гэх асуудал үүссэн. АИ-95 бензиний импорт харьцангуй бага байдаг. Хангамжийг тогтворжуулж, нэмэгдүүлэх хүрээнд есдүгээр сард БНХАУ-аас тодорхой хэмжээний АИ-95 бензин авахаар захиалга өгөөд байна.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн хэлбэлзэл, өсөлт нь манай улсын шатахууны суурь үнэд шууд нөлөөлдөг. Өнгөрсөн наймдугаар сард дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ тасралтгүй өссөнтэй холбоотойгоор есдүгээр сарын 1-ний өдрөөс дизель түлш болон бусад бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн.
Орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэхэд анхааарч ажиллаж байна. Үүнд ачилт тээвэрлэлтээс шалтгаалж тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.