🔴1226 метрийн гүнд зургаан цаг гацсан иргэн: Оюутолгойн гүнд бүтэн 12 цагийн турш ажилласан 61 хүн суух ч зайгүй, усгүй, агааргүй өргүүрт зургаан цагийн турш дүүжлэгдсэн
"Оюу Толгой" компанийн гүний уурхайд энэ сарын 3-ны өдөр ноцтой осол гарч, газрын гадарга руу гарахаар өргүүрт (кэйж) суусан 61 ажилтан 1226 метрийн гүнд зургаан цагийн турш гацсан байна. Тухайн ажилчид өглөөний 06:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл 12 цагийн турш хүнд нөхцөлд ажиллаад ээлжнээсээ бууж байх үед уг осол гарчээ.
Хэдийгээр "Оюу Толгой" компанийн зүгээс ажилчдад агаарын урсгал хэвийн хүрч, ус өгч байсан хэмээн тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр нөхцөл байдал туйлын хүнд, амь насанд нь аюул тулгарсан байсныг эх сурвалж хэлж байна. Бид тухайн өргүүрт гацаж, аюултай нүүр тулсан 61 ажилчны нэг болох иргэн А-тай уулзаж, болсон явдлын талаар бодит мэдээллийг тодрууллаа.
Тухайн үед яг юу болсон бэ? Бодит нөхцөл байдлын талаар яриагаа эхлэх үү?
- Тухайн үед бид ээлжээ дуусгаад яаран өргүүрт орцгоосон. Өргүүр нь хоёр давхар бөгөөд доод талд нь 30 хүн, дээд талд нь 31 хүн, нийт 61 хүн суусан. Дээшээ татагдаад явж байтал гэнэт тог тасарч, өргүүр доошоо маш хүчтэй уналт өгсөн. Ингэж унахдаа 3-аас 4 удаа хүчтэй сэгсрэгдсэн. Уналтын дараа өргүүр доторх хүмүүс бүгд айдаст автаж, хэсэг хугацаанд таг чимээгүй болцгоосон.
Өргүүр доторх нөхцөл байдал ямар байсан бэ? Агааржуулалт, усны хангамж хэр байв?
- 61 хүн маш давчуу орон зайд, ар араасаа шахцалдаж зогссон. Агаар маш дутагдалтай байсан. Сүүлдээ зогсох аргагүй болж, хөл гар нь мэдээгүй болсон тул ээлжлэн хагас сууж бие биеэ амрааж байсан. Ямар ч хүчилтөрөгчийн хамгаалалтын баг, тусгай хэрэгсэл байхгүй. Бид аргаа барахдаа өргүүрийн хаалгыг онгойлгож, агаар оруулсан. Зургаан цаг гаруй зогсохдоо усгүй болж, өөрсдөд байсан ганц нэг усаа хувааж ууцгаасан. Шинээр ажилд орсон залуучууд сандарч, биеийн байдал нь сонин болсон. Эмэгтэйчүүдээ доош нь суулгаж, хөлийг нь амраах зэргээр тэссэн.
Аврах ажиллагаа хэрхэн явагдсан бэ? Хугацаа алдсан гэх мэдээлэл байна.
- Аврах ажиллагаа маш удаашралтай явагдсан. Биднийг доошоо уначих вий гэх цочролд орсон байхад дээрээс шийдвэр гаргахгүй, "хуралдаж байна, тестэлж байна" гээд цаг алдсаар байсан. Сүүлдээ ажилчид "Хүнээ аврахыг бод, дараа нь тестээ хий" гэж шаардаж эхэлсэн. Осол гарснаас хойш бараг таван цагийн дараа аврахынхан ирсэн. Тэд өргүүрийн дундах хамгаалалтын торыг тастаж байж бидэнд хүрч ирсэн. Тэр үед л арай амьд гарах нь гэх найдвар төрсөн. Гэвч аврагчид эхлээд торыг тасалчихаад, доошоо бууж, дараа нь уурхайчдын "ус өгөөч" гэх орилооны дагуу буцаж гарч ирж ус авчирч өгсөн. Биднийг хамгийн хурдан аргаар буюу доошоо 1300 метрийн гүн рүү, эсвэл 44-р транзит руу буулгах шийдвэр гаргах байтал маш их хугацаа алдсан.
Гадаргуу дээр гарч ирэхэд эмнэлгийн тусламж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлсэн үү?
- Биднийг ирэхэд эмч нар уурхайчин бүрийг нэг бүрчлэн хүлээж авч, даралт үзэж, биеийн байдлыг нь шалгаагүй. Зүгээр л "бие нь эвгүй байгаа хүмүүс тийшээ орж үзүүл" гээд орхисон.
- Ослын шалтгааныг цахилгааны шугам руу шувуу орсноос болсон гэж тайлбарласан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
- Тэд зүгээр л станц дээр шувуу орж осол гарсан гэж тайлбарлаж байна лээ. Бид нар тэрийг нь харсан биш. Ганцхан шувуунаас болж Оюу Толгойн тэр том гүний уурхайн тог бүхэлдээ тасарна гэдэгт итгэхэд бэрх байна.
- Ослын дараа ажилчдын сэтгэл зүйн байдал ямар байна вэ? Ар гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
- Ослын маргааш нь биднийг хоёр хоног амраасан. Дараа нь ОТ-оос шат шатны хүмүүс ирж уулзаж, ярилцлага хийсэн. Ажилчдын сэтгэл санаа маш хүнд, цочролоос гараагүй байна. Зарим нь бачимдаж, зарим нь гэр бүл, үр хүүхдээ бодоод уйлж, ярьж ч чадахгүй хэцүү байдалтай байсан. Би гарч ирээд хамгийн түрүүнд гэр бүл рүүгээ залгасан.
Компаниудын зүгээс монгол ажилчдын цалин хөлс, үнэлгээг маш багаар тогтоодог. Гадаад ажилчид асар өндөр цалин авдаг бол бид тэдний цалингийн 5-10 хувьд ч хүрэхгүй хөлсөөр гүний уурхайд 12 цагийн турш амь насаараа дэнчин тавьж ажиллаж байна. Гаднаас нь харахад "Оюу Толгойд ажилладаг, өндөр цалинтай" гэж ярьдаг ч бодит байдал дээр монгол хүний амь нас, хөдөлмөрийн үнэлэмж маш хямдхан байна. Энэ асуудлыг хэзээ ч орхигдуулж болохгүй, заавал авч хэлэлцэх ёстой.
Сэтгэгдэл (12)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.