Г.Туяа: "Их Засаг кингс" сургууль төрөөс санхүүжилт хүсээгүй. Эсрэгээрээ татгалзсан

AI хөрвүүлсэн
Г.Туяа: "Их Засаг кингс" сургууль төрөөс санхүүжилт хүсээгүй. Эсрэгээрээ татгалзсан

Сурагчдын ачаалал тэнцвэржүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр "Их Засаг кинг", "Шинэ санаа", "Империал" зэрэг сургуулиудад 9.8 тэрбумын дэмжлэг олгохоор төлөвлөсөн хэмээн өчигдөр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир мэдээлэв. 

Их засаг кингс сургууль нь Ерөнхий сайд Н.Учралын ээж Ж.Цэцэгмаагийн хариуцан ажиллуулдаг шинэ сургууль бөгөөд уг асуудлыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн олон нийтийн зүгээс дургүйцээд байгаа юм. Харин "Их Засаг кингс" дунд сургуулийн зүгээс төрөөс ямар нэгэн санхүүжилт хүссэн зүйл огт байхгүй гэдгээ илэрхийлж, НБГ-ын хамтарч ажиллах саналд татгалзсан хариу өгсөн гэдгээ хэлж байна.

"Их засаг Чингис хаан боловсролын корпораци"-ийн дэд захирал Г.Туяа: 

-“Их засаг Чингис хаан” боловсролын корпорацын харьяанд өдгөө дөрвөн ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ), Политехникийн коллеж болон “Их засаг” олон улсын их сургууль тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Их засаг Кингс” бүрэн дунд сургуулийг шинээр үүсгэн байгуулж, энэ хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлээд байна.

Сургуулийг байгуулсан нь Сонгинохайрхан дүүргийн оршин суугчдын бодит эрэлт, хүсэлт дээр үндэслэсэн. Дүүргийн хэмжээнд сургуулиудын ачаалал их байдаг бөгөөд Кэмбрижийн олон улсын хөтөлбөртэй дунд сургууль нээж өгөхийг иргэд олон жилийн турш хүсэж ирсэн. Бид 100 хувь өөрсдийн хөрөнгө оруулалт, нөөц боломжоор Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн чадамж бүхий дунд сургуулийг ашиглалтад оруулж, одоогоор хичээл, сургалт хэвийн горимоор явагдаж байна.

Түүнчлэн “Их засаг Чингис хаан” боловсролын корпорац болон “Их засаг Кингс” бүрэн дунд сургуулийн зүгээс Боловсролын яам, Сангийн яам болон бусад төрийн захиргааны байгууллагад ямар нэгэн санхүүжилт хүссэн албан бичиг, хүсэлт огт гаргаагүй болохыг мэдэгдэж байна. 

Харин Нийслэлийн Боловсролын газрын (НБГ) төлөөлөл шинээр баригдсан сургуулийн барилгатай танилцсан. Энэ үеэр тус сургуулийн сургалтын таатай орчин, материаллаг бааз, багшлах боловсон хүчний нөөцийг судалж үзээд “Төрөлжсөн ахлах сургуулийн шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байна. Иймд Боловсролын яамтай хамтран төрөлжсөн ахлах сургууль хэлбэрээр ажиллах боломж бий юу” гэх саналыг тавьсан.

Гэвч сургуулийн зүгээс аль хэдийн 1-12 дугаар ангийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөө, хөтөлбөрөө батлуулж, элсэлтийн зарыг олон нийтэд хүргэн сурагчдаа бүртгэж, багшлах бүрэлдэхүүнээ бүрдүүлсэн байсан тул “Төрөлжсөн ахлах сургууль хэлбэрээр хамтран ажиллах боломжгүй” гэсэн хариуг тухайн үед нь өгсөн. Одоогийн байдлаар “Их засаг Кингс” сургууль 1-12 дугаар ангийн нийт сурагч, багш нарын бүрэлдэхүүнтэйгээр ямар нэгэн доголдолгүй, сургалтаа бүрэн хэвийн явуулж байгаа.

Гэтэл “Төсвийн тодотголд тус сургуульд зориулан 3 тэрбум 500 сая төгрөг суулгаж, УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж байна” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэнд маш их гайхаж байна. 

Төрөлжсөн ахлах сургууль байгуулах талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, зөвшөөрөөгүй байхад сургуулийн нэр хүндэд ийнхүү халдаж байгаад харамсаж байна. Их засаг олон улсын их сургууль, Хүннү групп, ‘Их засаг Чингис хаан’ боловсролын корпорац нь сүүлийн 33 жилийн турш төрөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авалгүйгээр, авах ч шаардлагагүйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж, олон мянган боловсон хүчнийг нийгэмд бэлтгэн гаргасан. Цаашид ч төрөөс санхүүжилт авахгүйгээр, үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын үйлчилгээ үзүүлэх бүрэн нөөц чадамж бидэнд бий. Энэхүү асуудал нь улс төрийн ямар нэгэн зорилгоор сургуулийн хэвийн үйл ажиллагаа, нэр хүндийг гутаах гэсэн үйлдэл үү гэх хардлагыг төрүүлж байна. Төрөөс нэг ч төгрөг хүсэж бичиг баримт өгөөгүй, цаашид ч өгөхгүй гэв. 

Энэхүү асуудлаар Боловсролын яамтай албан ёсоор холбогдож тодруулахад тус яамны зүгээс “Хэвлэл мэдээллээр гарсан мэдээллийг гуйвуулсан байна, яамнаас ийм зүйл огт яриагүй” гэсэн тайлбарыг өгсөн байна.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ard 3 долоо хоног, 6 өдөр
Neg l ih tom 2 ner.aldar.Chinges haan.king.korparatsi ch geh shig.gaviyat.propesoruud.uo giiguulsen surguuli be.Endees delhiin.olon ulsiin ymar erdemten.shinjlej uhaani neelt todrov.Hamag saihan ugiin tsugluulga uomuu