🔴Т.Доржханд: 2028-2030 он гэхэд Монгол Улсыг эрчим хүчний хувьд бүрэн бие даасан, хараат бус улс болгоно
УИХ дахь ХҮН намын зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын эрчим хүчний салбарын 2050 он хүртэлх бодлогын чиглэл болон эрчим хүчний экспортын хэтийн төлөвийн талаар хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрчээ. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд мэдээлэл хийж, салбарт үүсээд буй бодит нөхцөл байдал, реформ болон цаашдын төлөвлөгөөний талаар тайлбар өглөө.
Шадар сайд Т.Доржханд:
-Монгол Улс эрчим хүчний дутагдалтай, манай эрчим хүчний систем маш хуучирсан, эрчим хүчний салбар нь өөрөө эдийн засгийн хөгжлийг гацааж байгаа нь үнэн. Эрчим хүчний асуудлыг шийдэхгүйгээр Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй. 2028-2030 он гэхэд Монгол Улсыг эрчим хүчний хувьд бүрэн бие даасан, хараат бус улс болгох бүрэн итгэл үнэмшилтэй ажиллаж байна.
Монгол Улсын эрчим хүчний системийн 90 хувийг нүүрсний эх үүсвэр бүрдүүлж, салбарыг нүүрсчид авч явж ирсэн ч өнөөдөр нүүрсний станцыг санхүүжүүлэх боломж хумигдсан. Төсөвт хөрөнгө мөнгөгүйн улмаас сүүлийн 40 жил шинээр цахилгаан станц бариагүй. Олон улсын түвшинд БНХАУ, АНУ тэргүүтэй улс орнууд нүүрсний станцын санхүүжилтийг зогсоосон.
Дэлхий нийт цэвэр, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү санхүүжүүлж байгаа. Тухайлбал БНХАУ нийт эрчим хүчнийхээ 40 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангаж, улмаар 50 хувьд хүргэхээр зорьж байхад Монгол Улсад энэ үзүүлэлт ердөө 10 хувьтай байгааг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа.
Цахилгаан станц л баригдаж байвал сайн. Засгийн газрын хувьд, эрчим хүчний реформыг ахалж буй Шадар сайдын хувьд зөвхөн ногоон, сэргээгдэх эрчим хүч гэхгүйгээр Усан цахилгаан станц (УЦС), хийн цахилгаан станц, нүүрсний станц ч санхүүжилт нь шийдэгдэх боломжтой бол бүгдийг 100 хувь дэмжинэ. Гэвч их хүсэл мөрөөдөл байгаад санхүүжилт байхгүй бол цаасан дээр л үлддэг. Монгол Улсад 600 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний станцыг ердөө нэг жилийн дотор барих боломжтой, санхүүжилт нь ч бэлэн байна. Бидэнд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бий. Сэргээгдэх эрчим хүчний гол сорилт нь системийн тохируулга байдаг. Дэлхий нийтэд гурван төрлийн тохируулга ашиглагддаг.
Усан цахилгаан станц: Монгол орны гол мөрөн ОХУ руу урсдаг тул хил дамнасан гэрээ хэлэлцээр шаардлагатай. Жишээ нь, Эгийн голын УЦС-ыг барихад хамгийн багадаа 8 жил шаардлагатай.
Байгалийн хий: Одоогоор Монголд байгалийн хий байхгүй, метан хий судалгааны түвшинд явж буй бөгөөд хөрөнгө оруулалт хийхэд эдийн засгийн хувьд үр ашиг багатай (bankable биш) хэвээр байна.
Батарей хураагуур: Технологийн дэвшлийн үр дүнд дээрх тохируулгуудыг батарей хураагуур орлох боломж бүрдсэн.
Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард таван байршилд зарласан нээлттэй дуудлага худалдааны дүнд 1 кВт.цаг эрчим хүчний үнэ хамгийн багадаа 4.85 цент болсон. Энэ нь Бөөрөлжүүтийн нүүрсний станцын 8.9 цент тарифтай харьцуулахад батарей хураагууртайгаа нийлээд хоёр дахин хямд гарсан үзүүлэлт. Төрөөс 15-25 жилийн урт хугацаатай Эрчим хүч худалдан авах гэрээг байгуулж өгснөөр хувийн хэвшил санхүүжилтээ босгон, эрсдэлээ даан ажиллах олон улсын жишиг рүү шилжиж байгаа.
Эрчим хүчний экспорт нь зөвхөн шугам татан цахилгаан урагш нь гаргах асуудал биш. Ногоон устөрөгч, дата төв, ногоон металлурги, эрчим хүчний биет экспорт гэх дөрвөн үндсэн хэлбэрээр хэрэгждэг.
Дата төв байгуулснаар нүүрсний уурхайн аман дээр цахилгаан станц барьж, дэргэд нь нар, салхины эх үүсвэрийг төвийн системтэй холбон гурвалсан эх үүсвэрээр ажиллуулах боломжтой. Нийт дата төвийн зардлын 70 хувь нь эрчим хүч байдаг. Газрын гүнд үр ашиггүй хэвтэж буй нүүрс болон агаар, нарны нөөцөө бид эрчим хүч болгож, дата төвөөр дамжуулан токен үйлдвэрлэн шилэн кабелиар дэлхийн найман тэрбум хүнд зарж байна.
COP17 олон улсын хурлын үеэр 30 гаруй тэрбум ам.долларын дата төвийн хөрөнгө оруулалт хийх тохиролцоо хийгдсэн бөгөөд цаашид Монгол Улсад 100 тэрбум ам.долларын дата төв татах боломжтой.
Монголын зах зээл жижиг, тогтворгүй учир зөвхөн дотоодын хэрэгцээнд зориулж том хөрөнгө оруулагчдыг татахад бэрхшээлтэй. Харин экспортын том төслүүдийг түшиглэн орж ирэх станцуудаас бид өвлийн хоёрхон сарын оргил ачааллаа бүрэн шийдвэрлэх боломж бүрдэнэ. Эрчим хүчний экспортын төслүүдийг эхлүүлэх нь Монгол Улсын суурь эрх ашиг юм. 35 жил хэрүүл хийж, станцаа барьж чадаагүй түүхээ одоо цэглэж, улс төржилтөө зогсоох хэрэгтэй. Монгол Улсын эрх ашиг бол эрчим хүчний тусгаар тогтнол. Бид 2028-2030 он гэхэд эрчим хүчээрээ бие даасан улс болж чадна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.