🔴О.Цогтгэрэл: Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг яаралтай УИХ-д оруулж ирэх шаардлагатай
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Засгийн газар төсөвт цалин, тэтгэврийг нэмэх нэрийдлээр үнийн өсөлт, инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэй төсвийг өргөн барьсан гэж дүгнэж буйгаа илэрхийлж мэдээлэл хийлээ. Хэрэв энэ төсөл батлагдахгүй бол бүх буруугаа сөрөг хүчин рүү тохож, "АН цалин, тэтгэвэр нэмэх гэснийг эсэргүүцлээ" хэмээн ард түмнийг хууран мэхлэх заль хэрэглэж байна гэж бүлгийн зүгээс үзэж байна.
Түүнчлэн, "Тэтгэврийг 200 мянган төгрөгөөр нэмнэ гэж байгаа ч 20-30 хувийн хүнсний инфляцтай энэ үед энэ мөнгө үнэ цэнгүй болно. Энэ бол тэтгэврийнхэн, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчдийг бүхэлд нь хууран мэхэлсэн үйлдэл" болохыг санууллаа. Мөн өргөн барьсан төсөвт Ерөнхий сайдын хувийн эрх ашиг, тухайлбал түүний хувийн сургуультай холбоотой 3.5 тэрбум төгрөг тусгагдсан нь нотлогдож байгаа. Үүнийгээ "Сайд нар оруулаад ирчихэж" хэмээн хариуцлагаас бултаж, танхимын зарчмаа алдсан нь байдлыг улам хурцатгаж байгааг энэ үеэр хэллээ.
АН-ын Улс төрийн зөвлөлөөс УИХ дахь бүлэгтээ тодорхой чиглэл өгсөн байна. Тодруулбал, Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д нэн даруй оруулж ирэхийг шахаж ажиллахыг үүрэг болгожээ. Шалтгаан нь улс орныг сүйрүүлэх төсвийн бодлогыг нь парламент болон мэргэжлийн салбарынхан дэмжихгүй байгаа эсэхэд цэг тавих. Засгийн газрын танхимын гишүүд нь Ерөнхий сайддаа, Ерөнхий сайд нь танхимын сайд нартаа итгэх итгэлгүй болж, кабинетын зарчим бүрэн алдагдсан. Засгийн газрын гишүүдтэй холбоотой авлига, албан тушаалын хэргүүд хэрээс хэтэрсэн зэрэг үндэслэлүүдээр тайлбарлаж байна.
Мөн Гадаад хэргийн сайд нь өөрийн компанидаа гадаад паспорт хэвлүүлсэн, Зам тээврийн сайд нь хувийн төмөр замтай холбоотойгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг хохироосон гэх асуудал, түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, хуучин сайд нар 110 сая долларын асуудлаар баримт нотолгоо дэлгэж байгаа зэрэг хууль бус үйлдлүүдэд хариуцлага тооцох цаг болсныг мэдэгдлээ.
Хэрэв Ерөнхий сайд итгэл үзүүлэх асуудлыг өөрөө оруулж ирэхгүй бол УИХ-ын гишүүдийн гарын үсэгтэйгээр Засгийн газрыг огцруулах бичгийг албан ёсоор өргөн барина гэв.
Засгийн газар долоодугаар сард Оюутолгойн хэлэлцээрийн тухай ярьж эхэлсэн боловч өнөөдрийг хүртэд албан ёсны баримт бичиг танилцуулагдаагүй байгаа аж. Ардчилсан намын зүгээс албан ёсны эх бичвэртэй танилцсаны дараа дүгнэлтээ гаргахаа мэдэгдлээ.
Засгийн газраас өргөн барьсан 2027 оны 43 их наяд төгрөгийн төсөв нь хавар батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийг 10 их наядаар давж, хууль зөрчсөн. Хүчин төгөлдөр хуулийг зөрчиж, "ирээдүйд өөрчилнө" гэсэн байдлаар төсөв өргөн барьж, түүнийг нь УИХ-ын дарга хүлээн авсан нь эрх зүйт төрийн зарчимд нийцэхгүй тул уг асуудлыг Үндсэн хуулийн цэцэд тавих бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
МАН болон хамтарсан Засгийн газар парламентад 80 гаруй гишүүнтэй атлаа өөрсдөө ирцээ бүрдүүлж чадахгүй, Байнгын хорооны дарга нар болон сайд нар нь хуралдаандаа суухгүй байгаа нь тэд өөрсдөө оруулж ирсэн төсөвтөө итгэлгүй байгаагийн нотолгоо гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.