🔴О.Саранчулуун: Сэтгүүлчдийн асуултад хариулсныхаа төлөө "улсын дайсан" болж хувирах ёсгүй

AI хөрвүүлсэн
🔴О.Саранчулуун: Сэтгүүлчдийн асуултад хариулсныхаа төлөө "улсын дайсан" болж хувирах ёсгүй

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2026.09.14/ хийсэн мэдэгдэлдээ УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг Ерөнхий сайдтай холбоотой эксэл файлыг задруулсан, Монголын төрийг хагалган бутаргах өс зангидсан түгжилмаа нар хэмээн мэдэгдсэн юм. Энэ асуудалд УИХ-ын гишүүн О.Саранчулуун хариу тайлбар өглөө. 

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Сайдын хийсэн мэдүүлгийг өглөөнөөс хойш уулзалттай байсан тул бүтэн үзэж амжсангүй. Товчхондоо намайг зохион байгуулалттайгаар мэдээлэл тараасан гэж хэлсэн гэж ойлголоо. Гэтэл бодит байдал дээр тийм биш юм. УИХ-ын гишүүдэд улсын төсвийн төсөл ном болж ирдэг. Төсвийн хавсралтуудаас харахад хөрөнгө оруулалтын зардал буюу хаана ямар барилга байшин барих нь нэг бүрчлэн тодорхой байдаг бол урсгал зардал нь харьцангуй бүрхэг байдаг. Миний хөнддөг сэдэв дандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн орхигдсон бүлэг рүү чиглэдэг тул голдуу урсгал зардалтай холбогддог. 

УИХ-ын гишүүн хуулийн дагуу мэдээлэл авах бүрэн эрхтэй. Өргөдлийн байнгын хороо гэлтгүй аль ч байнгын хороонд ажиллахдаа гишүүд дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтээ харьяалах референтүүдэд байнга тавьдаг. Иргэдээс маш их гомдол ирдэг тул түүний дагуу нягталж шалгах нь миний үүрэг. Бүх л гишүүд холбогдох сайдын танилцуулга, төслийн дэлгэрэнгүй мэдээллийг шаардаж авдаг. Энэ бол парламентын гишүүдийн өдөр тутмын ажил. 

Сангийн яамнаас ирүүлсэн албан ёсны мэдээллийг байнгын хорооны референт 20 гаруй гишүүний дундын вайбер группт хуваалцсан байсан. ‘Цахиур.мн’ сайтынхан уг мэдээллийг өөрсдөө олоод авчихсан, надаас энэ тоо мөн үү гэж лавлахад нь би тус группт ирсэн төслийн материалын эксэл задаргааг нээж хараад тоог нь тодруулж хэлж өгсөн. Хэрэв нууцын зэрэглэлтэй файл бол тусдаа байдаг. Нууц биш, олон нийтийн мөнгө учраас ил тод байх ёстой дэлгэрэнгүй мэдээлэл гэж үзсэн. 

Би нуруу, хүзүүний гэмтэлтэй тул төсвийн тэр том, хүнд номыг авч явахаас илүү өөрт хэрэгтэй хавсралтуудаа тусгайлан хэвлэж аваад, шаардлагатай тоо баримтаа чуулганы үеэр тодруулдаг. Тухайлбал, нэгдүгээр хавсралтад төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнгийн чанар, тоо хэмжээний шалгуур үзүүлэлтүүд байдаг. Жишээлбэл, ‘Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд орох оролцоог нэмэгдүүлсэн байна’ гэсэн зорилтын хүрээнд нийт иргэдээс ICF-ээр (Олон улсын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн ангилал) үнэлсэн хүний эзлэх хувийг 2025 оны суурь түвшингээр 13 хувь гэж заасан байна. Бодит байдал дээр өнөөдөр нэг ч хувь, нэг ч хүн ICF-ээр үнэлгээ хийлгээгүй байгааг би мэднэ. Тэгсэн мөртлөө энэ ажлын ард төсөв мөнгийг нь нарийвчлан суулгаагүй, том номон дээр задаргаа нь байдаггүй. Иймээс гишүүд энэ мэт урсгал зардлын задаргааг шаардаж авах нь зүй ёсны хэрэг. 

УИХ-ын гишүүнээр ажилласан энэ хоёр жилийн хугацаанд би 126 гишүүний хэн нь аль тойргоос гарсан, хэний ард ямар бизнес байдгийг хэзээ ч сонирхож, судалж байсангүй. Зөвхөн өөрийн зорьж буй салбарын хүрээнд ‘Энэ хүн өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллаж байсан уу, хүртээмжийн чиглэлээр дуугарч байсан уу, тийм бол хамтарч ажиллая’ гэж л хандаж ирсэн. Хэзээ ч хэн нэгний арыг, бөгсийг ухаж явсангүй. Гэтэл намайг зориуд санаатай тийм үйлдэл хийсэн мэтээр ярьж байгаад харамсаж байна.

Би Л.Энх-Амгалан сайд, Сангийн сайд эсвэл Ерөнхий сайдын буруу гэж хэзээ ч яриагүй. Би буруу зөвийг шүүдэг хууль хяналтын байгууллага биш. Мэдээллийг ил тод байлгахын төлөө сэтгүүлчдийн асуултад хариулсныхаа төлөө ‘улсын дайсан’ болж хувирах ёсгүй. Мөн намайг А.Ариунзаяа гишүүнтэй холбож, н.Батцэцэг гэгч эмэгтэйгээс файл авсан байж болзошгүй гэх хардлага яригдсан байна. Би тэр хүнийг танихгүй. Энэ бол өмнө нь Өргөдлийн байнгын хороон дээр ил тод яригдсан л асуудал. 

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг нар ‘Гэрт ойрхон сургууль’ төслийн 50 тэрбум төгрөгийн төсвийн задаргааг шаардаж асуусан. Тухайн үед Боловсролын яамны холбогдох албан тушаалтан нь мэдээлэлгүй байна, цаасаар өгье гэж хариулсан байдаг. Энэ бол гишүүдийн дунд хуралдаанаар ил тод яригдсан процесс. Би тэнд яригдсан, гишүүдэд хуваалцсан мэдээллийн хүрээнд л хариулсан болохоос тусгайлан араас нь хөөцөлдөж мэдээлэл тараасан зүйл үгүй.

Жишээ болгож хэлэхэд, улсын төсвийн төсөлд ‘Тусгай хэрэгцээт иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, тэгш хамруулах нөхцөлийг бүрдүүлэх’ гээд 2027 он хүртэл хоёр тэрбум төгрөг тавьчихсан байна. Энэ хоёр тэрбум төгрөгөөр чухам юу хийх гэж байгааг энэ тооноос хараад та нар ойлгох уу? Шар зам тавих юм уу, өөр юу хийх юм бэ? Үүнийг бид зөн совингоороо таах ёстой юм уу? Үүний нарийн задаргааг, яаж нөхцөлийг нь бүрдүүлэх гэж байгааг төсвийн төслөөс хараад асуух нь УИХ-ын гишүүний хувьд зүй ёсны үүрэг мөн. Төсөв ил тод биш байгаа нь л энэ бүх үл ойлголцлын гол шалтгаан болж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.