🔴Ж.Баясгалан: Тэтгэмжийг нь нэмээгүй шалтгаанаа 'хасаагүй' гэж тайлбарлаж болохгүй

AI хөрвүүлсэн
🔴Ж.Баясгалан: Тэтгэмжийг нь нэмээгүй шалтгаанаа 'хасаагүй' гэж тайлбарлаж болохгүй

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан төсвийн тодотголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг тусгаагүйг эсэргүүцэн, чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: 

-Өнөөдөр өргөн баригдсан төсвийн тодотголд Монгол Улсын хамгийн хүнд хэцүү нөхцөлд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй 112 мянга (зарим тооцоогоор 107 мянга) өрх айлын асуудал огт хөндөгдөөгүй байна. Эдгээр иргэд өнөөдөр амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур амьдарч байна.

Байнгын хорооны хуралдааны үеэр төсвийн тодотголоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг яагаад нэмээгүйг асуухад "Эдгээр иргэдийн тэтгэмжийг нэмбэл инфляцад нөлөөлнө" гэсэн. Өмнө нь Ерөнхий сайд Г.Занданшатартай мэтгэлцэж байхад ч яг энэ шалтгааныг хэлж байсан. 

Өндөр цалинтай төрийн дээд албан тушаалтнуудын гадаад айлчлалын зардлыг хасдаггүй мөртөө, нэг ширхэг нь 56 сая төгрөгийн үнэтэй хогийн сав авахад 5.6 тэрбум, 4.1 тэрбум төгрөгийг харамгүй төсөвлөдөг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хандаж төр маань нүүрээ бус бөгсөө харуулж байна. Энэ байж болохгүй асуудал. 56 сая төгрөгийн үнэтэй ганц хогийн савны оронд хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн хүний тэтгэмжийг нэмж болох байсныг тооны машинаар бодоод үзэх хэрэгтэй. 

Төсвийн байнгын хороон дээр энэ асуудлыг хэлэхэд нэг ч бодитой хариулт өгөөгүй. Харин өөдөөс 'Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсвөөс хасаагүй шүү' гэж тохуурхаж байна. 330 мянган төгрөгөөс юуг нь хасах гэсэн юм бэ? Тэр хүмүүст илүүчлэх ямар төсөв, мөнгө байгаа гэж бодоо вэ? Та нар 330 мянган төгрөгөөр нэг сар амьдраад үз дээ. Хэдэн төгрөгөөр нь эм тариагаа, хэдэн төгрөгөөр нь хоол хүнсээ авч, юуг нь хасуулах юм бэ? Тэдний амь амьдрал, эрүүл мэнд, эрх чөлөөг хасах гээд байгаа юм уу? Хасах зүйл тэдэнд алга. Тэтгэмжийг нь нэмээгүй шалтгаанаа 'хасаагүй' гэж тайлбарлаж болохгүй. 

Тэтгэмжийн хэмжээ болон бодит үнийн өсөлтийн зөрүүг харьцуулан, "Ирэх онд тэтгэмжийг 10 хувиар нэмнэ гэж байна. Нэмэгдээд дээд тал нь 525 мянга, доод тал нь 363 мянган төгрөг болно. Гэтэл 2026 оны амьжиргааны доод түвшин өнөөдөр аль хэдийн 537 мянган төгрөг хүрсэн байна. Иргэдийг амьжиргааны доод түвшнээс доогуур яаж амьдар гэж байгаа юм бэ? Эсвэл энэ иргэдээ хасмаар байгаа бол Монгол Улсын 3.6 сая хүний тооноос тэр 110 мянган иргэнээ хасчих. Хэрэв тэгж хасахгүй юм бол тэтгэвэр, тэтгэмжийг нь дорвитой нэмэхийг шаардаж байна.

Одоо би УИХ-ын чуулганы хуралдаанд орохгүй. Орлоо гээд асуулт асуух, үг хэлэх боломж олгохгүй байхад тийшээ орж суух шаардлага алга. Нүд хуурсан ийм төсвийн тодотголын хуралдаанд суухгүй. Маргаашаас эхлэн 2027 оны төсөв хэлэлцэх үед ч, өдөр бүр энэ хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэх болно. Өнгөрсөн жил гуйж байж 110 мянган иргэнд 30 тэрбум төгрөгийн нэмэгдэл хийсэн. Гэтэл нэг хүнд ердөө 20 мянган төгрөг очсон байна. 20 мянган төгрөгөөр өнөөдөр хагас килограмм мах ч авч дийлэхгүй. Шагийн бензин 10 мянган төгрөг хүрсэн энэ үед хоёрхон литр шатахууны мөнгө шүү дээ. Ийм байдалд байхад 'Иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах гэж төсвөө тодотголоо' хэмээн худал ярихаа болих хэрэгтэй. Би хувь хүнд биш, энэ удаагийн төсвийн бодлогод буруу өгч байгаа учраас өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Д. Болор 3 долоо хоног, 1 өдөр
Та чинь харин төрийн түшээ шиг хариулт өгчээ!