🔴Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Н.Учралд өөрийнхөөрөө бай гэж л хэлмээр байна

AI хөрвүүлсэн
🔴Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Н.Учралд өөрийнхөөрөө бай гэж л хэлмээр байна

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ улс төрийн сүүлийн үеийн нөхцөл байдал, эрх баригч нам доторх асуудал болон Засгийн газрын тогтвортой байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулж, мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

-Хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт нартай байгаль орчны болон намрын чуулганаар хэлэлцэх асуудлаар уулзсан. Тухайн үед улс төрийн уур амьсгал хэвийн байсан. Сүүлийн нэг, хоёр хоногт гэнэтийн үйл явдлууд ар араасаа гарч ирлээ. 

Хэвлэл мэдээллийнхэн ч, парламент ч том зургаараа харж, дараа дараагийн төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн хэрэгжүүлэх тал дээрээ анхаарах хэрэгтэй байна. Өнөөдөр Монголын парламент удганы хэрэг ярьдаг гишүүдийн түвшинд хүрчихээд байна шүү дээ.

Хууль зүйн сайдынхаа эсрэг мөрдөгчид мэдэгдэл хийж байна гэдэг бол ойлгомжтой асуудал. Хууль зүйн сайдаас дээгүүр албан тушаалтан чиглэл өгч байж л ийм зүйл болно. Өмнө нь Х.Тэмүүжин сайд дээр цагдаа нар гүйцэтгэх ажиллагаа явуулж байсантай ижил нөхцөл байдал үүсэж байна. Аливаа асуудал хуулийнхаа дагуу эрэмбэ дарааллаараа явахгүй бол төрийн нэгдсэн удирдлагын тогтолцоо алдагдана. Үүнээс үүдэж дунд шатанд сахилга хариуцлага суларч, бүх түвшинд авлига, хүнд суртал гаардаг. Үүнийг намын бүлэг дээрээ нээлттэй ярих учиртай. Хүн чанарын хувьд ч онцгүй санагдаж байна. Хууль бус асуудал байвал ярилгүй яах вэ, гэхдээ яагаад заавал намрын чуулганы өмнө тогонд цохиулсан юм шиг гэнэт гаргаж ирж байгаа нь улс төрийн зорилготой нь тодорхой. 

Засгийн газар огцорлоо гээд нөхцөл байдал сайжирна гэдэгт би эргэлзэж байна. Нөхцөл байдлаа зөв дүгнэж, сөрөг хүчин нь ажлаа хийж, эрх баригчид нь ч ажлаа хийгээд явах нь зүйтэй.

Хамтарсан засаг байгуулагдаад төслүүд урагшилж байхад хэдэн хүн сайд болохын тулд "АН-д хамаг сайн яамдаа өгчихлөө, Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам, Хууль зүйн яам, Хяналтын сайдаа өглөө" гэж жижиг шалтаг гарган дангаараа засаглана гэж зүтгэсэн. Тэгээд "Алтан өргөө" кинон дээр гардаг шиг их алт эрдэнэс байна гэж бодсон хайрцгаа нээсэн чинь юу ч байхгүй, усгүй хоцордогтой адил зүйл боллоо. Энэ бол манай намын Б.Энхбаяр тэргүүтэй цөөн нөхдөөс болсон асуудал. Нөхцөл байдал хүндрээд ирэнгүүт А.Ариунзаяа буруутай, О.Саранчулуун буруутай, одоо С.Амарсайханаас боллоо гээд бусдаас бурууг хайсан явуургүй улс төрөөр хол явахгүй, байдлыг улам л хүндрүүлнэ. МАН-ын хувьд одоо ажлаа хийж, ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх л цаг. 

Ерөнхий сайд Н.Учралыг би ойлгож байна. Би өмнө нь "Өөрийн толгойтой байгаарай" гэж хэлж байсан. Өөрийн толгойтой байвал түүхэнд үлдэнэ, үгүй бол хананд зургаа өлгүүлсэн түр хугацааны Ерөнхий сайд болно. Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Х.Нямбаатар нарын асуудал болон одоо С.Амарсайхан, Молор-Эрдэнэ нартай холбогдуулан гаргаж ирж буй зүйлд С.Амарсайхан ямар ч холбоогүй юм билээ, би өөрөө утсаар ярьж асуусан. Энэ бүх зүйл Н.Учралаас үл хамааран явж байгаа болов уу гэж найдаж, түүнд итгэхийг хүсэж байна. Гэхдээ Н.Учрал өөрөө улс төрийн дүгнэлт хийх цаг нь болсон. 

Өмнө нь Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан бол одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй байна. ЗГХЭГ бол эв нэгдлийг хангах үүрэгтэй байгууллага.

Саяны цагдаагийн мэдэгдлийг Б.Энхбаяр зохион байгуулсан байх магадлал тун өндөр. ЗГХЭГ-ын дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Бүлгийн дарга гурав Ерөнхий сайддаа дэмжлэг үзүүлж, эв нэгдлийг хангаж өгөхгүй бол Ерөнхий сайдын цаг хүрдэггүй. Ерөнхий сайд явж явж энэ гурван хүнтэй л хамтардаг. Гэтэл энэ гурван албан тушаалтан эв нэгдлийг хангах тал дээр хангалтгүй ажиллаж байна. Сайд нар болон надтай хамт ажиллаж байгаад, дараа нь Зандан даргын нүүрийг үзэж, одоо Учрал дээр ирчихээд байгаа нөхөд Ерөнхий сайдыг огцруулаад өөрсдөө үлддэг хурган аргаа болих хэрэгтэй. Хэрэв энэ удаа Ерөнхий сайд огцорвол бүгдээрээ хамт ажлаа өгөх ёстой. Ерөнхий сайд гэдэг албан тушаал бол эд нарыг ажилтай байлгахын тулд урдаа барьдаг цохилтын мешок биш. Бүгд хариуцлагатай байх ёстой. 

Цагийн зүүг ухрааж болохгүй. Н.Учралыг намын даргаар сонгоход өрсөлдөгчгүйгээр бүгд л дэмжсэн. Өмнө нь би Г.Занданшатарын Засгийн газарт байр сууриа ил тод илэрхийлдэг байсан бол Н.Учралыг чадах чинээгээрээ дэмжээд явж байна. Гэхдээ өөрөө буурьтай, өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Х.Нямбаатар, Н.Учрал хоёрын дунд муудалцсан зүйл байхгүй, сошиал баг нь л хоорондоо муудалцаад байгаа болохоос биш. Сүүлийн үед янз бүрийн юманд стресстээд бусдаас бурууг хайх жижиг улс төр яваад байна. Бүлгийн хурал дээрээ асуудлаа ил тод ярих ёстой. Би С.Бямбацогт даргатай ч ярьсан, намынхандаа том зургаа харж ажиллахыг уриална гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 3 долоо хоног, 2 өдөр
Данх гэхдээ өөрийн толгойтой байлуу? Жонхуу, Хэрээ 2ын үгээр, энэ 2ын зохиолоор явдаг утсна хүүхэлдэй л байсан биз дээ