🔴Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчид нэр дэвших асуудлаа ярихгүй, цагаан хэл ам хүрчихнэ

AI хөрвүүлсэн
🔴Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчид нэр дэвших асуудлаа ярихгүй, цагаан хэл ам хүрчихнэ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Засгийн газрыг огцруулах асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын зүгээс хийх ажилгүй дээ бус, бодит байдал дээр ард түмний амьжиргаа доройтож, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, асуудал үүсэж байгаа учир энэ асуудлыг хөндөж, эрх баригчид ард түмний амьжиргааг сайжруулахад биш сандал, суудлын хэрүүл хийж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Засгийн газрыг огцруулах асуудлыг хэн ч санаачилж болох Үндсэн хуулийн эрхтэй. Түүхэндээ ихэвчлэн цөөнх санаачилж ирсэн. Миний үед МАН-ын бүлэг огцруулах санал тавихад бид гоншигнож байсангүй. Тавих ёстой асуудлаа тавиад л явдаг жамтай. Харин огцруулах, эсэхийг олонх буюу одоогийн 70 орчим суудалтай МАН өөрсдөө шийднэ. Тэд юундаа сандарч тэвдээд байгаа юм бэ? Ард түмний амьдрал сайхан байна гэж үзвэл Засгийн газраа аваад л үлдэнэ биз. Харин АН-ыг буруутгах хэрэггүй. Хэрэв олонх Засгийн газраа авч үлдвэл ажлаа олигтойхон хий гэсэн үүрэг хариуцлага давхар ноогдож байна гэсэн үг. 

Өнөөдөр инфляц, үнийн өсөлт 13 хувьд хүрчихлээ. Хавар гэнэт л цочсон мэт гарч ирээд '2500 тонн мах хаашаа алга болов' гэх мэтээр барьц алдаж байсан. Ийм хариуцлагагүй байдал гаргаж байгаа учраас манай бүлэг Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. 

Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүний хувьд өргөн барьсан л гэж ойлгож байгаа. Наадмын өдрүүд таарсан ч удахгүй албан ёсоор өргөн барих байх. Гол нь баруун, зүүн тийш харах тухай процессын асуудал биш. Өнөөдөр ард иргэдийн ахуй амьдрал ямар байна, аж ахуйн нэгжүүд татварын дарамтад сөхөрч байна уу үгүй юү, төгрөгийн ханш яаж унав, бараа бүтээгдэхүүний үнэ өсөв үү гэдгийг л ярих ёстой. 

Энэ бол ганц О.Цогтгэрэлийн асуудал биш, манай АН-ын 42 гишүүний асуудал. Бараг 40 гаруй гишүүн гарын үсгээ зурсан. 'Алтанхуяг уншихгүйгээр гарын үсэг зурсан' гэх мэтээр дэмий ярьж байгаа хүмүүс бий. Бид бүрэн ухамсарлаж гарын үсгээ зурсан. 

Эрүүл нийгэм, хууль шүүхтэй улс юм бол анхан болон давж заалдах шатны шүүхээс намайг гэм буруугүйг тогтоож, цагаатгасан. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байхад шүүхээр явлаа гэж шүүмжилдэг ч би ард түмэндээ гэм буруугүй гэдгээ нотлохын тулд дөрвөн жил шүүхээр явсан. Гурван удаагийн шүүхээр буруугүй нь тогтоогдсон. 

Харин хэргийг дахин дахин буцааж байгаа явдлын цаана улс төрийн захиалга, айдас, эсвэл Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэсэн барьцаа шантааж явагдаж байна гэж хардаж байгаа. Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүдийн санаачилж батлуулсан хуулиар хэргийг шүүхээс буцааж дахин дахин явуулдгийг хязгаарласан. Шүүх цагаатгасаар байхад Дээд шүүх болон дунд шатны шүүх буцаагаад байгаа нь захиалгатай гэж хардахаас өөр аргагүй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.