🔴О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учрал итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д яаралтай оруулж ирэхгүй бол бид огцруулах бичгээ өргөн барина
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд болон гишүүд Төрийн ордны зүүн хаалган дээр мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн Г.Очирбат нар танилцууллаа.
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-Өнөөдөр есдүгээр сарын 15 буюу ээлжит чуулганы нээлтийн өдөр 2027 оны улсын төсвийг хэлэлцэж эхэлж байна. Сая бүлгийн хуралдаан дээр Сангийн сайдаас байр суурийг нь тодрууллаа.
АН-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д нэн яаралтай оруулж ирж хэлэлцүүлэхийг шаардаж байна. Засгийн газрын бодлого явахаа болилоо. Олон улсын парламентын жишигт бодлогын зөрчилдөөн үүсвэл өөртөө итгэл үзүүлэх асуудлыг тавьдаг. Хэрэв парламент итгэл үзүүлбэл бодлого нь хэрэгжинэ, итгэл үзүүлэхгүй бол бусад дагалдах хууль, бодлогыг хэлэлцэх шаардлагагүй болдог. Иймд Ерөнхий сайд Н.Учрал ард түмний төлөөлөл болсон УИХ-аас итгэлээ нэн даруй асуух ёстой. Өнөөдөр Ерөнхий сайдын кабинет ямар байгааг харж байна. Сайд нар нь Ерөнхий сайддаа, Ерөнхий сайд нь сайд нартаа итгэхгүй байгаа ийм Засгийн газар ард түмний болон парламентын өмнө үүрэг хариуцлагаа хүлээж ажиллаж чадахгүй нь тодорхой боллоо.
Хуульд итгэл үзүүлэх асуудлыг оруулах тодорхой хугацаа заагаагүй ч Засгийн газрыг огцруулах асуудал арав хоногийн хугацаатай байдаг. Хэрэв Ерөнхий сайд өөрөө итгэл үзүүлэх асуудлаа оруулж ирэхгүй бол бид Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барих болно.
Иргэдийн амьжиргаа өдөр ирэх тусам доройтож, Засгийн газар үнийн өсөлттэй тэмцэж чадахгүй байна. Төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төсөл нь инфляцыг улам хөөрөгдөж, иргэдийн халаасыг хоослох төсөл болсон. Жил бүр нүүрсний экспорт нэмэгдэж, тоон үзүүлэлт сайжирсан мэт харагдах боловч иргэдийн амьдрал доройтож байна. Бидэнд макро эдийн засгаа зөв авч явах шийдэмгий, зоригтой удирдлага хэрэгтэй байна.
Гадаад эдийн засгийн нөхцөл байдал таатай байхад иргэдийн бодит орлого долоон хувиар буурч, үнэ ханшаа алдаж байна гэдэг бол төрийн асар том бодлогын алдаа. Ийм алдаа гаргадаггүй, алдаагаа засдаг Засгийн газар, Ерөнхий сайд шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
-Эрх баригчид төсөвтэй холбоотойгоор хуулийг зөрчиж байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Үндэсний аудитын газрын дүгнэлтээр Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж төсвийн тодотгол оруулж ирсэн гэдгийг тодорхой дурдсан. Төсвийн тодотгол нь батлагдаагүй байхад 2027 оны төсвийг хэлэлцүүлж байгаа нь давхар хууль зөрчсөн үйлдэл юм. Сүүлийн арван жилийн хугацаанд МАН хууль биш, хүн засагладаг тогтолцоог бий болголоо.
Төсвийн хүрээний мэдэгдлээр 2027 онд 36.5 их наяд төгрөгийн зардлын хязгаар баталсан атал 43 их наяд төгрөг болгож, хоёр их наяд төгрөгийн алдагдалтайгаар оруулж ирж хуулийг дахин зөрчлөө.
Түүнчлэн Ерөнхий сайдтай холбоотой 50 тэрбум төгрөгийн "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөр болон түүний хувийн сургуультай холбоотой асуудал яригдаж байсан. Гэтэл 2027 оны төсөв дээр энэхүү 50 тэрбум төгрөгийг дахин суулгасан байна. Бид үүний задаргааг нэхэх болно. Манай бүлгийн гишүүд Боловсролын яам, Сангийн яаман дээр очиж ажиллаж, баримт фактыг нь ил болгоно. Анхан шатны эксэл файлуудыг шалгаж, бодит байдлыг гаргаж ирэхэд Ерөнхий сайд "Намайг харлуулах гэж байна" гэж уурлаж болохгүй. Өнөөгийн Ерөнхий сайд өмнө нь УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга, Цахим хөгжлийн сайд хийж байсан, олон төсөв, хууль баталж байсан хэр нь өнөөдөр өөрөө хууль зөрчсөн төсөв оруулж ирж байгаа нь гутамшигтай явдал гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.