🔴С.Амарсайхан: Хэн хөдөлмөрлөсөн, хэн хулгай хийснээ ил тод шүүлгэе, би өөрөөсөө эхэлж шалгуулна

AI хөрвүүлсэн
🔴С.Амарсайхан: Хэн хөдөлмөрлөсөн, хэн хулгай хийснээ ил тод шүүлгэе, би өөрөөсөө эхэлж шалгуулна

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар болон хууль хүчний байгууллагуудыг тойрсон асуудлаар, түүний талаарх олон нийтийн сүлжээнд тархаад буй мэдээллийн талаар тайлбар хийлээ. 

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: 

-Өнгөрсөн хугацаанд аливаа гүтгэлэг, дайралтыг тэвчин ажиллаж ирлээ. Гэвч хөдөө орон нутагт томилолтоор явж байх хойгуур миний эрхэлж буй ажил, удам судар, гэр бүл, цаашлаад амьдралд хөл тавьж яваа охин үрийн минь нэр төрд бүдүүлгээр халдаж, улс төржилт хэрээс хэтэрлээ. Би өчигдөр шөнө Увс аймаг дахь хилийн зурваст ажиллаж ирээд шууд энэ мэдээллийг хийж байна.

Өмнө нь Хөвсгөл аймагт хойд хилийн шугамыг баталгаажуулах, шинэчлэх ажлаар явж байхад гэр бүлийг минь хүний ёсонд баймгүйгээр гүтгэсэн. Иргэн, эцэг хүний хувьд гомдол гаргаж шалгуулсан боловч энэ гүтгэлэг улам даамжирч, хил хязгаараа алдлаа. 

Ярилцлагыг бүтнээр үзэх бол ЭНД дарна уу

Монголын улс төрд хэрүүл, тэмцэл байсаар ирсэн ч гэр бүл, үр хүүхдийг нь улс төрийн барьцаа болгон нийгэмд амьдаар нь дүүжилдэг увайгүй явдал урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй. Улс төрчид, бизнесийнхэн, хууль хүчний байгууллагуудыг өнгөрсөн хугацаанд угсарсан мафийн сүлжээ өнөөдөр сүүлийн олон арван жилийн түүхэнд байгаагүйгээр улайран ажиллаж байна. Энэ бүлэглэл төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудыг татан оролцуулж, эцэстээ улс орныг самарч дуусгах хэмжээнд хүрлээ. 

Төрийн албаны тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Төрийн тусгай чиг үүргийн байгууллагын тухай хуулиар мөрдөстэй цэргийн алба хаагчид улс төрийн аливаа акц хийхийг хатуу хориглосон заалттай байтал бүлэглэн сууж байгаад хууль зөрчиж буй нь хулгай, дээрмээ нуух гэсэн этгээдүүдийн амь тавьж буй үйлдэл. 

ШШГЕГ-ын дэд дарга О.Бямбажав ТЕГ-т мөрдөгчөөр ажиллаж байхдаа С.Зоригийн хэрэгт ял шийтгүүлж байсан. Хяналт дүн шинжилгээний газрын дарга н.Цогжаргал гадаадын иргэнийг албан тушаалаа урвуулан ашиглаж заналхийлж, залилан мэхэлсэн хэрэгт холбогдсон. Мөн н.Нямгомбо албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэргээр АТГ-т шалгагдаж байгаа.

ШШГЕГ-ын дарга А.Намсаманд хоригдлуудаар хувийн байр, зуслангийн байшингаа бариулсан, төсвийн хөрөнгөөс өөртөө 40 сая төгрөг, нийт 20 гаруй албан тушаалтанд 408 сая төгрөгийг хууль бусаар олгосон, албан хаагчдынхаа нэр дээр 10–20 сая төгрөг бичиж, гарын үсэг зуруулахдаа дүнг нь дарж байгаад 3–4 саяыг өгч, үлдсэнийг нь завшиж байсан өргөдөл гомдол ирсэн. Мөн Зайсанд үнэгүй нэг байр, хөнгөлөлттэй нэг байр авсан байхад жирийн албан хаагчид орох оронгүй зүтгэж байна.

ШШГЕГ-ын харьяа өндөр чанарын нүүрс болон гантиг чулууны ордыг Ерөнхий сайд асан Г.Занданшатар болон албаны хүмүүс хамтран ашиглахаар хувийн хэвшил, гадаад дотоодын этгээдүүдтэй холбох үүрэг даалгавар өгч байсан. Долоодугаар сард энэ асуудлаар ШШГЕГ-ын дарга А.Намсаманд миний өрөөнд хоёр ч удаа орж ирж "Хувийн компани оруулж Засгийн газарт шийдүүлье" гэхэд нь сайдын зүгээс буруушааж, хөөн гаргасан. 

Өнгөрсөн онд цагдаагийн 770 гаруй албан хаагчийг ажлаас нь халж, 13 дахь сарын цалинг хасаж, 7.9 тэрбум төгрөгийг тухайн үеийн Хууль зүйн сайд Б.Энхбаяр, ШШГЕГ-ын удирдлагуудтай хамтран тус газар руу шилжүүлж, цагдаа нарыг цалингүй, ачаалалтай хоцроосон. 

Монгол Улсад хар тамхины аюул хяналтаас гарч, олон зуун мянган залуус өртөх эрсдэлд орсон. Баянзүрх дүүрэг дэх эмчилгээний төвд очиход 17 настай охины ард 200–300 хүүхдийн сүлжээ байсан, гурван жилийн дотор 500–600 сая төгрөг зарцуулсан тохиолдлууд байна. Гэтэл дөрөвдүгээр сард ажлаа авахад улсын хэмжээнд ердөө 24 ширхэг хар тамхины тест үлдсэн, хил дээрх рентген төхөөрөмж ажиллахгүй байсан нь зориуд энэ албыг хүчгүйдүүлсэн гэмт үйлдэл. Энэ сүлжээний ард улс төрчид, ААН-үүд, урлаг соёлынхон, төрийн өмчит компанийн удирдлагуудын үр хүүхдүүд холбогдож, цагдаагийн байгууллагаас хэргийг нь хаах үүрэг өгдөг байсан. 

2012 онд Х.Тэмүүжин сайдын үед нэг эмэгтэйг ашиглан хууль хүчнийхэн сайдаа унагаж байсан шиг технологийг дахин хэрэглэж байна. Намайг сайдаар томилогдох үеэс эхлэн Б.Булнай гэх эмэгтэйгээр бичлэг хийлгэж, намайг "охиноо хүчирхийлсэн, жирэмсэн болгосон, эхнэр нь сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн" гэх мэт хүн ёсноос гажууд гүтгэлэг тараасан. Б.Булнай нь Г.Занданшатарын ойрын хамаатан, бөө удган нэртэй хүн. Түүний "Арвин ур" компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн байр, Шуурхай удирдлагын штаб, хэвлэлийн танхим, байцаалтын өрөөний засвар зэрэг 1.2 тэрбум төгрөгийн тендерийг авч, цагдаа нарыг нууцаар бичиж барьцаалдаг, шантаажилдаг сүлжээтэй байсан. Мөрдөгч н.Дашцэрэн түүний гэрт очиж хууль бусаар бичлэг хийж, сайдын нэрийг зориуд оруулж тохиролцох гэж оролдсоныг шалгуулахаар өгсөн. 

Авлигаар олсон хөрөнгийг хурааж, Залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлэх тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн өргөн барихаар бэлтгэж байгаа. Энэ хуулийг өргөн бариулахгүйн тулд зохион байгуулалттай дайралт хийж байна.

Би хотын даргаар ажиллаж байхдаа авсан нэг метр квадрат газар ч байхгүй, нэг ч тендер аваагүй. Бүгдээрээ хэн хөдөлмөрөөрөө хөрөнгө босгосон, хэн хулгай хийснээ ил тод шүүлгэе. Би өөрөөсөө эхэлж шалгуулна. 

Маргаашийн Засгийн газрын хуралдаанд ШШГЕГ-ын удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь чөлөөлөх, өөрчлөх саналаа оруулна. Мөн төрийн цэргийн байгууллагыг хууль бусаар ашиглан улс төрийн акц хийсэн, хорих ангиудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж төрийн эсрэг бослого маягийн үйл ажиллагаа явуулах гэж завдсан этгээдүүдийг шалгуулахаар АТГ болон хууль хяналтын байгууллагад албан ёсоор өгнө гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.