Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хамаарал бүхий хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбумын санхүүжилт авсан

AI хөрвүүлсэн
Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хамаарал бүхий хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбумын санхүүжилт авсан

Боловсролын сайд цаг үеийн асуудалтай холбогдуулан мэдээлэл өглөө. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан: 

- "Их засаг кингс" сургууль яамны судалгааны 'Excel' файл дээр байсан нь үнэн. Гэвч энэ нь хуучин судалгааны файл байсан. Ерөнхий сайдын хамаарал бүхий гэгдэх 'Их Засаг Кингс' сургууль судалгаанд орсон ч татгалзсан тул бид ямар нэг байдлаар хамтрахгүй. 

Өнгөрсөн хугацаанд хотхоны бага сургууль, цэцэрлэгийн зориулалтаар төрөөс санхүүжилт авч байсан хувийн хэвшлийн байгууллагуудаас Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн хамаарал бүхий 'Тэсо' группийн хоёр цэцэрлэг төрөөс нийт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.

Нэг талд төрөөс сохор зоос ч аваагүй асуудлаар улс төр хийж байхад, нөгөө талд АН-ын даргын цэцэрлэгүүд санхүүжилт аваад явж байгаа нь шударга ёсонд нийцэх үү?

АН-ын дарга асан Л.Гантөмөр 'Төрөөс хувийн сургуулиудад санхүүжилт олгох нь буруу' гэж ярьсан атлаа өөрийн хамаарал бүхий 'Глобал' сургууль нь төрөөс санхүүжилт авсаар ирсэн. АН-ын үе үеийн удирдлагуудын сургууль, цэцэрлэг төрөөс санхүүжилт авч болдог, харин бодит хэрэгцээ шаардлагыг шийдэх гэхээр буруутгадаг байж болохгүй. 

Сонгинохайрхан дүүрэгт гурван ээлжид шилжих эрсдэлтэй гурван сургууль байгаа. Тэнд ашиглалт, дүүргэлт багатай хувийн байр савууд байна. Хэрэв төсвийн тодотгол батлагдаж, тендер зарлагдвал эдгээр байрыг түрээслэх боломж бий юу гэдгийг яам урьдчилан судалж болохгүй гэж үү? 

Төрийн ордны дэргэд АН-ын нэг залуу суулт хийж, мөнгө аваагүй Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэж шаардаж байна. Тэгвэл тэр залуу яамны судалгааны файлаар улс төр хийж байхаар, байгууллагын цэцэрлэгийн гүйцэтгэлээр 1.3 тэрбум төгрөг авсан өөрийн намын дарга О.Цогтгэрэл, санхүүжилт авсан Л.Гантөмөр нартаа хариуцлага тооцох, итгэл үзүүлэх асуудлаа ярих ёстой. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяаг "Түгжилмаа" гэж нэрлэсэнтэй холбоотойгоор шалгуулахад бэлэн. 

Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх нь Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрх. Хамт зүтгэж байсан нөхрөө танхимаас явуулах нь хэнд ч харамсалтай байдаг. Бид Ерөнхий сайдтай нэг баг болж ажиллахаар гэрээ байгуулдаг бөгөөд сайд нар үүргээ биелүүлэх ёстой. Бид хэсэг бүлгийн бус, Монголын төр, нийт ард түмний эрх ашгийн төлөө тангараг өргөсөн хүмүүс гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.