П.Алтанцэцэг: Фентанил тариа тасраагүй, нэн шаардлагатай үед хэрэглэх нөөц бий

AI хөрвүүлсэн
П.Алтанцэцэг: Фентанил тариа тасраагүй, нэн шаардлагатай үед хэрэглэх нөөц бий

Хагалгааны үед унтуулгын үеэр хэрэглэдэг зарим тариа (фентанил) тасарч "Монгол Улсад хагалгаа хийгдэх боломжгүй боллоо" гэх утгатай мэдээлэл өнөөдөр өглөөнөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг мэдээлэл өглөө. 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг: 

-Фентанил нь мэс заслын үед унтуулгад хэрэглэгддэг сэтгэцэд нөлөөт мансууруулах бүлгийн эм. Өнөөдрийн байдлаар манай улсад тасраагүй байна. Яаралтай мэс засал болон нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хэрэглэх бэлэн байдлыг хангасан нөөц бий. 

Энэ тариаг 2023 оны долоодугаар сараас эхлэн дотоодын нэгэн үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулан, эмнэлгүүд уг гэрээний хүрээнд худалдан авч ирсэн. 2026 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс хомстол үүсэж эхэлсэн. 

Бид нөөцөө долоо хоног тутам тогтмол хянадаг тул хомстол үүсмэгц зохицуулалтын арга хэмжээг авч эхэлсэн. Дотоодын үйлдвэрлэгчтэй уулзаж, албан бичгээр санал солилцоход түүхий эдийн татан авалт болон ложистикийн хүндрэл гарсныг мэдэгдсэн. Есдүгээр сарын 22-ны өдрөөс энэ асуудал тэнцвэржинэ гэсэн хариу ирүүлсэн. 

Үйлдвэрлэлийн явц жигдрэх хүртэлх хугацаанд шаардлагатай зохицуулалтыг хийж, тариаг импортоор нөхөн орлуулах, хэрэгцээ багатай эмнэлгүүдээс татан төвлөрүүлж, нэн шаардлагатай газруудад хуваарилан ажиллаж байгаа. 

Цаашид Монгол Улсад зайлшгүй бэлэн байх шаардлагатай нэн чухал эмүүдийг нэг эх үүсвэрийн буюу нэгдсэн худалдан авалтын горимд шилжүүлэхээр судалж, олон улсын байгууллагууд болон гадаадын үйлдвэрлэгчдээс үнийн санал авч ажиллаж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.