🔴О.Цогтгэрэл: Надад болон "ТЭСО" компанид хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй

AI хөрвүүлсэн
🔴О.Цогтгэрэл: Надад болон "ТЭСО" компанид хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан тайлбар өглөө. 

АН-ын дарга О.Цогтгэрэл: 

-Өнөөдөр үдээс өмнө Боловсролын сайд Л.Энх-Амгалан "О.Цогтгэрэлийн хамаарал бүхий хоёр хувийн цэцэрлэг улсаас 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан" гэх асуудал ярьж байна. Ардын намынхан намайг өөрсөд шигээ авлигач, хулгайч болгож харагдуулах гэж хичээж байна. Гэхдээ амжихгүй шүү гэж хэлмээр байна. 

Надад болон "Тэсо" компанид хувийн цэцэрлэгийн бизнес гэж байхгүй. Улсын бүртгэлийн байгууллагын дата мэдээллийг шалгаад үзээрэй. Байхгүй бизнесийг эхлээд нотлох хэрэгтэй. Хувийн цэцэрлэг байхгүй учраас улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт авах үндэслэлгүй. 

Л.Энх-Амгалан сайдын өөрийнх нь 2022 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн цахим хуудсын постыг сөхөж хараарай. Тэр тухайн үед МҮХАҮТ дээр "ТОП-100" ААН-ийг цуглуулж, "Байгууллагын дэргэдэх цэцэрлэг ажиллуулах санаачилгыг ТОП-100 ААН манлайлна" гэж мэдээлэл хийж байсан. Тэр уулзалтаар улсын цэцэрлэгийг байгууллагынхаа дэргэд ажиллуулах боломжийг олгож, байр саваар үнэ төлбөргүй хангаж өгөхийг томоохон ААН-үүдээс хүссэн байдаг. Бүр үүнээс өмнө "Тэсо" групп 2012 оноос эхлэн энэ сайн жишгийг хэрэгжүүлж эхэлснийг сайд өөрөө онцлон жишээ татаж ярьж байсан дүрс бичлэг, пост нь одоо ч бий.

Төр өөрөө ААН-үүдэд хандаж, "Манай улсын цэцэрлэгийг байгууллага дээрээ ажиллуулж, байр саваар үнэ төлбөргүй хангаж өгөөч" гэсэн хүсэлтийг Засгийн газар, Боловсролын сайд нь тавьсан гэсэн үг. Энэ хүрээнд анх Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар улсын цэцэрлэгийн харьяа салбарыг "Тэсо"-гийн дэргэд байгуулахад зориулж байр худалдан авч, үнэ төлбөргүй ашиглуулсан. Дараа нь үйлдвэрийн байр шилжсэнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн 322 дугаар улсын цэцэрлэгийн харьяа салбар цэцэрлэгийг шинээр ажиллуулж эхэлсэн. Энэ бол хувийн биш, улсын цэцэрлэг. Эрхлэгч, багш, ажилтнуудыг нь улсаас томилж, данс тооцоо, Төрийн сангаас орж байгаа санхүүжилт нь бүгд улсын цэцэрлэгийн дансаар дамждаг.

Харин "Тэсо"-гийн зүгээс байраа үнэ төлбөргүй түрээслүүлээд зогсохгүй, цэцэрлэгийг ажиллуулахын тулд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500 гаруй сая төгрөгөөр тохижуулан, хүүхдийн хоолны аяга таваг, тоног төхөөрөмжийг нь стандартын дагуу бэлтгэж өгсөн. Ёс журмаараа бол улсаас түрээсийн зардал авах ёстой. Өдийг хүртгэл урсгал зардал, тоглоомын талбай тохижуулах зэрэгт тогтмол туслалцаа үзүүлж ирсэн. 

Энэ бүхнийг мушгин гуйвуулж, явуургүй улс төрдөө ашиглах гэж оролдож байна. Эрх баригч Ардын намын даргын авлига, хулгайн асуудлыг сөрөг хүчний даргатайгаа адилхан болгож харагдуулах гэсэн арга ядсан авлигачдын явуулга явагдаж байна. Л.Энх-Амгалан сайд мартдаг, санадаг өвчтэй болсон бол зохих газарт нь очиж үзүүлэх хэрэгтэй. Тэр өөрөө Засгийн газраа хорлож, Ерөнхий сайдынхаа өмнөөс хүмүүсийн дунд хор хутгаж явдаг байдлаа болих хэрэгтэй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.