🔴Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална

AI хөрвүүлсэн
🔴Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны есдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд хуралдаж, макро эдийн засаг, инфляц болон санхүүгийн салбарын эрсдэлийн төлөвийг хэлэлцэн мөнгөний бодлогын төлөвийг хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Энэ хүрээнд бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээхээр тогтсон байна.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт: 

-Энэ шийдвэр нь инфляцын эрсдэлийг хязгаарлахын зэрэгцээ санхүүгийн нөхцөлийг огцом чангаруулж, өрх болон ААН-үүдийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх тэнцвэртэй алхам юм. Өнөөгийн нөхцөлд бодлогын хүүг бууруулахад инфляцын дарамт бүрэн арилаагүй байна. Нөгөө талд бодлогын хүүг чангаруулбал эдийн засгийн идэвхжил болон өрхийн хэрэглээнд илүү хүчтэй дарамт учрах эрсдэлтэй. 

Инфляцын тухайд, 2026 оны наймдугаар сарын байдлаар жилийн инфляц улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотод 11.6 хувь болж өмнөх сараас бага зэрэг буурсан. Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэн нь үнийн бууралтад голлон нөлөөлсөн. Энэ нь суурь инфляцын дарамт тогтворжиж эхэлснийг харуулж байна. Гэсэн хэдий ч цаашид шатахуун, эрчим хүчний үнэ, цалин болон төсвийн зардлын өсөлтөөс шалтгаалан ирэх улирлуудад үүсэж болзошгүй дарамтууд байгаа. 

Эдийн засгийн өсөлт хагас жилийн байдлаар 7.7 хувьд хүрсэн ч энэ нь голчлон уул уурхай болон түүнийг дагасан тээврийн салбараар тэтгэгдэж байгаа тул бодлогын хүүг огцом нэмэгдүүлэх орон зай хязгаарлагдмал байгаа. Худалдааны салбар улирал дараалан бууралттай явж байгаагаас гадна өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин гадаад валютын албан нөөц түүхэн дээд хэмжээ буюу 8.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Мөнгөний бодлогын хороо төсвийн зардлын тэлэлт, шатахууны импортын нөхцөл, эрчим хүчний үнийн өөрчлөлт болон гадаад орчны эрсдэлийг анхааралтай ажиглаж, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Бодлогын хүүгийн хувьд өнөөдрийн нөхцөл байдал өмнөх үеэс өөр байна. Эдийн засгийн өсөлт 7.7 хувьтай гарсан ч уул уурхай, тээврээс бусад салбарын өсөлт тун хязгаарлагдмал. Худалдааны салбар улирал дараалан буурч, өрхийн хэрэглээ 4.9 хувиар агшсан энэ үед бодлогын хүүг дахин нэмэгдүүлбэл иргэд, ААН-үүдийн санхүүгийн ачааллыг улам нэмэх учраас одоогийн байдлаар бодлогын хүүг чангаруулах орон зай бага байна.

Төсвийн тодотгол болон ирэх оны төсөв хараахан эцэслэн батлагдаагүй байна. Хэрэв төсвийн тоон үзүүлэлтүүд өөрчлөгдөн батлагдвал Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хуралдаан зарлан хуралдана. Харин ногоон зээлийн тухайд ирэх аравдугаар сард Макро зохистой бодлогын хороо хуралдах үеэр энэ асуудлыг цогцоор нь хэлэлцэж шийдвэрлэхээр тохирсон.

Махны үнийн тухайд өмнөх жилүүдэд зургаадугаар сарын 20-ноос хойш нийлүүлэлт нэмэгдэн буурдаг байсан бол энэ жил малын шүлхий өвчин гарч хорио цээр тогтоосон, вакцинжуулалт хийгдсэнтэй холбоотойгоор нийлүүлэлт саатаж, долоодугаар сарын 20-ноос эхлэн хоцорч буурсан. Харин долоодугаар сарын сүүлээс наймдугаар сарын 20 хүртэл өмнөх онуудынхаас илүү хурдтай буурсан. Есдүгээр сар гарснаас хойш шатахуун, түлшний үнийн өсөлтөөс үүдэн махны үнийн бууралт бага зэрэг саараад байна.

Мөнгөний нийлүүлэлт болон "Монголбанк мөнгө хэвлээд байна" гэсэн ойлголт иргэдийн дунд яригддаг. Эдийн засгийн онолоор мөнгөний нийлүүлэлт хэт өсвөл мөнгөний үнэ цэн унаж, инфляц хөөрөгддөг. Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж, экспортоос асар их хэмжээний валютын орлого олдог онцлогтой. Энэ валютын орлого дотоодын зах зээлд төгрөг болон нийлүүлэгдэхэд мөнгөний нийлүүлэлт буюу М2 мөнгөний үзүүлэлт 10 орчим их наядаар нэмэгдсэн харагддаг. Зарим хүмүүс үүнийг статистик дээрээс хараад Монголбанк дур мэдэн мөнгө хэвлээд байна гэж буруу тайлбарладаг.

Норвеги улс гэхэд газрын тосныхоо орлогын ердөө 1-2 хувийг л төсөв, эдийн засагтаа оруулж, үлдсэн ихэнх хувийг хилийн чанадад олон улсын найдвартай үнэт цаасанд хөрөнгө оруулан түгжиж зохицуулдаг. Харин манайд орж ирсэн экспортын бүх орлого шууд эдийн засагтаа орж эргэлддэг онцлогтой. Үүнээс үүдэн гарч буй бэлэн мөнгөний илүүдлийг Монголбанк Төв банкны үнэт цаас (ТБҮЦ)-аар дамжуулан буцаан шингээж байна. Одоогийн байдлаар ТБҮЦ дээр 14 их наяд төгрөг, заавал байлгах нөөцөд 6-7 их наяд төгрөг байршиж байна. Өөрөөр хэлбэл, Монголбанк зах зээл дэх илүүдэл мөнгийг татаж авч байгаа болохоос бус, мөнгө хэвлэж зах зээлд тараагаагүй гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.