🔴Ц.Сандаг-Очир: ОХУ-аас олон тооны баавгай хил даван орж ирсэн байж болзошгүй

AI хөрвүүлсэн

Сүүлийн өдрүүдэд зэрлэг баавгай суурьшлын бүс рүү олноор орж ирж, иргэдийн амь нас, эд хөрөнгөд бодит эрсдэл учруулах болсон асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: 

-Өмнө нь хангайн амьтан тал хээр рүү ганц нэгээрээ бууж ирдэг тохиолдол гардаг байсан бол энэ жил буюу сүүлийн хэдхэн хоногт 10 гаруй аймгийн сум, суурин газарт баавгай орж ирсэн тохиолдол бүртгэгдээд байна. Мэргэжлийн байгууллагууд үүний учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайлбал, идэш тэжээлийн хомсдол нүүрлэсэн, тоо толгой нь олширсон, мөн хойд хөрш болох ОХУ-аас олон тооны баавгай хил даван орж ирсэн гэх мэдээлэл байна. Үүнээс үүдэн хүчтэй нь хүчгүйгээ шахан хөөж, тамир тэнхээ доройтсон баавгайнууд бэлчээр, тал хээр рүү бууж байгаа. Түүнчлэн баавгай 30–40 километрийн зайнаас үнэр авах чадвартай тул хүнс тэжээлийн дутагдлаас шалтгаалан төв суурин газрын хог хаягдал, сэг зэм рүү татагдан ирж байгааг үгүйсгэхгүй.

Шалтгаан нь юу ч байсан зэрлэг амьтан суурьшлын бүсэд орж ирэх нь аюултай. Одоогоор хүн амьтан бариулсан, бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй ч эрсдэл туйлын өндөр байна. Ялангуяа хөдөө орон нутагт хадлан тэжээл бэлтгэх ид ажлын цаг үе таарч байгаа учир баавгай малчдын хот, сумын төв рүү орж ирэх, гэр сууцыг нь нурааж сүйтгэсэн тохиолдлууд гарч байна.

Иргэдийн зүгээс баавгайг буудах санал гаргаж байгаа боловч баавгай нь ховор амьтны жагсаалтад багтдаг тул одоогийн мөрдөгдөж буй хуулиар шууд агнаж, устгавал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Иймээс иргэд буу хэрэглэж чадахгүй, уургалж бугуйлдах, уул хад руу нь хөөж туух зэргээр аргацааж байна. Эрүүгийн хуульд зааснаар хүний амь насыг хамгаалах зорилгоор аргагүй хамгаалалт хийсэн тохиолдолд хуулийн хариуцлагаас чөлөөлөх заалт бий. Иймд шилүүс, ирвэс, баавгай зэрэг аль ч зэрлэг амьтан дайрсан үед өөрийн болон бусдын амь насыг хамгаалах зайлшгүй шаардлагаар арга хэмжээ авах нь зүй ёсны хэрэг юм. Гэсэн хэдий ч үүнийг нийтээр нь хоморголон устгах, агнах боломж болгон хувиргаж болохгүй. 

Мөн баавгайн тоо толгой хэт олширсон гэх дүгнэлтийг шууд хийх боломжгүй. Учир нь улсын хэмжээнд сүүлийн 10 гаруй жил төсөв санхүүгийн дутагдлаас шалтгаалан баавгайн тооллого судалгаа хийгдээгүй байна. Ховор амьтдаас зөвхөн цөөн тоотой, тархац нь хумигдмал мазаалайг л тогтмол тоолж байгаагаас биш хүрэн баавгай, цоохор ирвэс, шилүүс зэрэг амьтдын тооллого олон жил орхигдсон.

Энэ жилийн хувьд баавгайн гол идэш тэжээл болох самар, жимсний ургац туйлын муу байна. Орон нутгийн байгаль орчны газруудын хийсэн судалгаагаар Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Төв аймгийн Мөнгөнморьт зэрэг хуш бүхий бүс нутгуудад самар бараг ургаагүй буюу ургацгүй байна. Зөвхөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд самрын ургац 40 орчим хувьтай байгаа.  Ер нь идэш тэжээлийн дутагдалд орсон нь баавгай суурьшлын бүс рүү орж ирэх үндсэн шалтгаан. Зэрлэг амьтанд зориудаар идэш тэжээл тавьж өгөх туршлага манайд өмнө нь байгаагүй тул шийдвэрлэхэд хүндрэл үүсэж байна.

Нөгөө талдаа самар жимс нь орон нутгийн иргэдийн амьжиргаа, сургалтын төлбөр, орлогын чухал эх үүсвэр болдог. Есдүгээр сарын 1-нээс самар түүх хугацаа эхэлсэнтэй холбогдуулан зарим иргэд 200 гаруй тонн самар бэлтгэж, борлуулах зөвшөөрөл хүссэн тул салбар яам, УИХ-ын гишүүдтэй зөвшилцөн шийдвэр гаргасан. Үүний дагуу зөвхөн ургацтай байгаа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 1300 орчим тонн самрыг үйлдвэрлэлийн бус, зөвхөн ахуйн зориулалтаар түүж бэлтгэхийг зөвшөөрч, бусад аймаг, сумдад ургац муутай тул самар түүхийг бүрэн хориглох шийдвэр гаргаад байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.