🔴Б.Мөнхбат: Агаарын бохирдолд нөлөөлж буй 200 гаруй янданг буулгана

AI хөрвүүлсэн
🔴Б.Мөнхбат: Агаарын бохирдолд нөлөөлж буй 200 гаруй янданг буулгана

НИТХ-ын ээлжит бус 14 дүгээр хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хуралдаанаар нийслэлийн 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг батлуулахаар хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат:

-Ирэх онд найман бүлэг, 538 зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөсөн. Төлөөлөгчдөөс шинэ санал, санаачилга гарч, зарим зүйл, заалт өөрчлөгдөж магадгүй гэж харж байна. 2027 онд авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, иргэн, ААН-ийн орлогыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, багш, ажилчдын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон төсөл хэрэгжүүлж байна.

Мөн 2024-2028 оны Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан томоохон 16 төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2027 оны төсвийг НИТХ-д өргөн барина. Одоогоор төсвийн төсөөллийг оруулж байгаа. Улсын төсөв батлагдсаны дараа 12 дугаар сард НИТХ-ын төсвийг өргөн барина. Өнөөдөр бидний өргөн барьсан төсөлд 15 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Ирэх онд үүнээс хийх ажлуудаа тодорхойлно.

Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдол нь төвлөрлөөс үүсэж байгаа. Төвлөрөл нь дэд бүтцээс шалтгаалдаг. Үүнтэй холбоотойгоор инженерийн болон нийгмийн дэд бүтцийг хотын зах руу төвлөрүүлэх анализ хийж, “Гэрт ойрхон сургууль”, “Хотхоны бага сургууль” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд эхэлсэн. Мөн нийтийн тээврийн төрлүүдийг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарч байна.

Ирэх онд тоог нь нэмэгдүүлж, олон багтаамжтай нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарна. Түүнчлэн хотын зах руу чиглэсэн авто замуудын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Халаалтын улирал эхлэхээс өмнө 20 мянга гаруй тонн түлшний нөөцтэй байсан, худалдаалж эхэлсэн. Мидлинг түлэх боломжтой. Энэ өвлийн түлшний татан авалтууд хийгдэж, 400 гаруй борлуулалтын цэгт худалдаалж байна.

Мөн агаарын бохирдолд голлох нөлөө үзүүлж байгаа халаалтын зуухны тоог бууруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Улаанбаатар хотод халаалтын зуухтай байгаа сургууль, цэцэрлэг, цэргийн анги, хорих байгууллагуудын 200 гаруй янданг буулгах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. Агаарын бохирдлын 30 хувь нь автомашины яндангаас гардаг утаа. Үүнтэй холбоотойгоор тогтоосон стандартыг мөрдүүлэх, хяналт шалгалт хийх ажил үргэлжилж байна. Улаанбаатар хотын авто зогсоолын асуудалд төр оролцохгүйгээр хувь хүн, ААН-тэй гэрээ байгуулж, ашиглалтыг нь гэрээлэн ажиллаж байна. Цаашид тодорхой шаардлагын хүрээнд тендер зарлаж, хэдэн хувийг Улаанбаатар хотод өгөх, хэдэн хувийг иргэн, ААН авч зогсоолынхоо менежментийг хийхийг тодорхой болгоно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.