🔴НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар: Хот дундуур урсаж буй голуудын ус нянгийн өндөр бохирдолтой гэх судалгаа гарсан
НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар иргэдийн өмнө тулгамдаж буй хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэх саналыг бодлогын түвшинд тавьж, төлөвлөгөө, төсөвт тусгуулахаар ажиллаж байгаа талаараа мэдээллээ.
НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар:
-Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны 22 хотхон, хорооллын 9,541 айл өрхийн ундны халуун, хүйтэн ус зэвтэй гарч буй асуудал нь сүүлийн хоёр жил орчим яригдаж байгаа. Тухайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг хувийн сууц өмчлөгчдийн болон орон сууцны контортой холбоотойгоор төр, хувийн хэвшлийн заагт шийдэгдэлгүй удааширч ирсэн. Өнгөрсөн хугацаанд төв шугам сүлжээг таван тэрбум төгрөгөөр шинэчилсэн ч усны чанарын асуудал бүрэн шийдэгдээгүй.
Олон мянган иргэний эрх ашгийг хангах үүднээс энэ асуудлыг бүлэг болон хороодын хуралдаанд танилцуулсан. Үр дүнд дундын шугам хоолойнуудыг шинэчлэхэд шаардагдах 4.5 тэрбум төгрөгийн төсөвт ажлын зураг төслийг нэн яаралтай хийлгэж, 2027 оны нийслэлийн хөгжлийн төлөвлөгөө болон төсөвт тусгуулахаар болсон.
Мөн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо буюу "Мишээл" орчимд өнгөрсөн өвөл бохир хальсан асуудал үүссэн. Энэ асуудлыг шийдвэрлэхээр өмнө нь 2026 оны төлөвлөгөө, төсөвт тусгасан ч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй байгаа. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд бохирын асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Ус сувгийн удирдах газар (УСУГ)-т хуралдааны тэмдэглэлээр албан ёсоор үүрэг болгосон.
Бид иргэдийг өвдсөнийх нь дараа биш, өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц арга хэмжээ авах ёстой. Энэ хүрээнд төлөөлөгчийн хувьд ажлын хэсэг байгуулан ажиллаж, 2027 оны төсөвт тодорхой бодит арга хэмжээнүүдийг тусгуулна.
Үүнээс гадна Улаанбаатар хотын есөн дүүргийн нутаг дэвсгэр, тэр дундаа хот дундуур урсаж буй голуудын ус нянгийн өндөр бохирдолтой байгааг УСУГ болон мэргэжлийн байгууллагуудын судалгаа харуулж байна. Иймээс НИТХ-ын төлөөлөгчийн зүгээс ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын оролцоог ханган томоохон ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх саналыг тусгасан.
Түүнчлэн боловсролын салбарт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн шинэчлэл болон нөхөн хангалтын зардлын асуудлыг ажил хэрэгч зарчмаар төсвийн задаргаанд нарийвчлан хэлэлцэж, шийдвэрлэхээр тохиролцсон гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.