🔴С.Баярцогт: Төсөвт хоноцын сэтгэлээр хандаж болохгүй
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт төсвийн төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр мэдээлэл өглөө. Энэ үеэр төсвийн бодлого болон макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж буйгаа мэдэгдлээ.
АН-ын ЕНБД С.Баярцогт:
-Улсын төсөв бол зөвхөн намар яриад өнгөрдөг асуудал биш, жилийн турш үргэлжилдэг тасралтгүй процесс юм. Өмнөх жил нь дараа жилийнхээ төсвийн хүрээг хуульчлан баталдаг "Төсвийн хүрээний мэдэгдэл" болон төсвийг тогтвортой, зөв байлгах үндсэн зарчмыг тодорхойлсон "Төсвийн тогтвортой байдлын тухай хууль" гэж бий. Гэтэл сүүлийн үед төсвийн төслийг өргөн барих бүрдээ уг мэдэгдлийг өөрчилж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтуудыг хүчингүй болгох эсвэл хэрэгжих хугацааг нь хойшлуулах хандлага газар авлаа. Одоогийн байдлаар тус хуульд 24 дэх удаагаа гар хүрч байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг анх санаачлан батлуулж байсан хүний хувьд үүнд туйлын харамсаж байна. Хэрэв энэ хуулийн зарчмыг батлагдсанаас нь хойшхи 15 жилийн турш хатуу мөрдөж ирсэн бол Монгол Улсын эдийн засаг эрүүлжиж, Үндэсний баялгийн сан маш их хуримтлалтай байх бүрэн боломж бүрдэх байсан.
Мөн хэлэлцүүлэгт оролцож буй Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яам болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төлөөлөлд хандан мэргэжлийн зарчмаа тууштай баримтлахыг уриалмаар байна. Улс төрчид бүх салбарын нарийн мэргэжилтнүүд биш, эдийн засгийн нарийвчилсан мэдлэг дутмаг байж болно. Тиймээс тэднийг мэргэжлийн хүмүүс зөв чиглүүлж байж бодлогын зөв шийдвэр гаргуулдаг байх ёстой. 2012 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга бөгөөд Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан н.Батжаргал гэж залуу Хөгжлийн банкнаас зээл авч төсвийн зардлыг тэлэх Засгийн газрын шахалтыг "Би улс орны эдийн засгийг ингэж хорлож чадахгүй, ажлаа өглөө" гээд зогсоож байсан түүхтэй. Нэг л мэргэжлийн хүн улс төрчдийн буруу шийдвэрийг сөрж, эрсдэлээс сэргийлж чадаж байв. Гэтэл 14 жил өнгөрсөн өнөө үед мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасан нэр зүүгээд, "бидний үгийг сонсохгүй байна" гээд сууж таарахгүй.
Улсын эдийн засаг 7.7 хувийн өсөлттэй гарсан гэж байгаа ч бодит байдал дээр өрхийн орлого 4.9 хувиар буурчихсан байна. Эдийн засаг 7.7 хувиар өсөхөд өрхийн орлого таван хувиар ч болов хамт нэмэгдэж байж бодлого зөв явж байна гэж үнэлэгдэнэ. Гадаад худалдааны тэнцэл, валютын нөөц, экспорт, нүүрсний үнэ өндөр буюу гадаад үзүүлэлт сайн харагдаж байгаа ч бодит орлого буурч байгаа нь бодлогын ноцтой алдаа. Үүнээс гадна зорилтот инфляц 6±2 хувь байх ёстой атал 13 хувьд хүрч, хүнсний инфляц 25 хувьтай байна. 100 төгрөгийн худалдан авах чадвар 75 төгрөг болтлоо унаж, энэ дарамт орлого багатай ядуу давхарга дээр хамгийн хүндээр бууж байна.
Урсгал зардал нэг жилийн дотор 25 хувиар өсөж байгаа нь асар их үр дагавартай. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх нь зөв боловч хувийн хэвшилд ижил хэмжээний цалин нэмэх дарамт шууд үүсдэг. Төлөвлөлтөө хийчихсэн бизнесүүдэд цалин нэмэхийн тулд зээл авах эсвэл зардлаа танах гэсэн хоёрхон сонголт үлддэг. Зардлаа танах нь ажилтнаа цомхотгож, ажлын байрыг хорогдуулахад хүргэдэг бөгөөд нийт дүнгээрээ эдийн засгийг агшааж, инфляцыг дахин хөөрөгддөг. Зардлыг нэгэнт өсгөсөн бол дараа дараагийн жилүүдэд бууруулахад туйлын хэцүү болдог.
Төсвийн ДНБ-д эзлэх хэмжээ 37–40 хувь руу орж, бүр 43 хувьд хүрч байна. Төсөв их тэлж, зах зээл дээрх нийт мөнгийг төсөв рүү төвлөрүүлэх тусам хувийн хэвшил рүү очих санхүүжилт тэр хэмжээгээр хумигддаг. Уг нь улсын төсөв ДНБ-ий 25 хувиас хэтрэхгүй байх нь зөв бодлого бөгөөд хувийн хэвшил бага татвар төлсөн ч ажлын байр бий болгож, баялаг бүтээх боломжийг нь олгох учиртай. Сонгуулийн бус жилд төсвийн тэлэлтийг ингэж их хэмжээгээр хийж байгаа нь маш их сөрөг үр дагавартай. Өнөөдөр хүн бүр инфляцын аюулыг ярихаа больж, тайван сууж байгаад харамсаж байна.
Ирэх оны төсөвт татварын орлогыг дөрвөн их наядаар нэмэх биш, харин ч бууруулах шаардлагатай. Татвар, нийгмийн даатгалын шимтгэл өндөр байх тусам далд эдийн засаг үүсэж, хоёр данс хөтлөх, гар дээр бэлнээр цалин олгох үзэгдэл газар авдаг. Энэ нь эцсийн дүндээ бизнес эрхлэгчдийг бүгдийг нь гэмт хэрэгтэн болгож хувиргадаг сөрөг талтай. Улс төрчид сонгогчдод сайхан харагдахын тулд нийгмийг бүхэлд нь буруу тийш чиглүүлж болохгүй. Энэ үед АН нь Ардын намаа шүүмжлэх, МАН нь ард түмэндээ хайртай дүр эсгэхдээ биш, харин хоёр нам хамтдаа зэрэгцэн сууж үндэсний зөвшилцөлд хүрэх ёстой. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжийг дагаж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн суурь зарчмуудад гар хүрэхгүй байх, өнгөрсөн жил баталсан төсвийн хүрээний мэдэгдлийнхээ хязгаарт багтаан төсвийг батлах зарчмаа л хатуу барих шаардлагатай гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.