Ахмад тээвэрчин Ш.Эрдэнэбат "Монгол Улсын Гавьяат Тээвэрчин" цол тэмдгээр шагнагдлаа
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар автотээврийн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад тээвэрчин Шагдарын Эрдэнэбат Монгол Улсын "Гавьяат тээвэрчин" цол тэмдгээр шагнагдлаа.
Ш.Эрдэнэбат нь 1981 оноос автотээвэр, нефть хангамж, барилгын салбарт ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, засварчин, инженер, ерөнхий инженер, салбарын дарга, зөвлөх инженер зэрэг мэргэжлийн болон удирдах албан тушаалыг нэр төртэй хашин, автотээврийн салбарт 40 гаруй жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан ахмад тээвэрчин юм.
Тэрээр Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяа байгууллагууд болон "Автотээврийн Үндэсний төв"-ийн Дархан-Уул аймаг дахь Автотээврийн төвийг олон жил удирдан ажиллахдаа тээврийн зохицуулалт, техникийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх, автотээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, салбарын хөгжил, шинэчлэлийг дэмжих үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн салбарын ахмад ажилтнуудын үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, өөрийн мэдлэг, туршлагаа залуу үед өвлүүлэхэд онцгой анхаарч иржээ.
Монгол Улсын "Гавьяат тээвэрчин" цол хүртсэнтэй нь холбогдуулан "Автотээврийн Үндэсний төв" ТӨҮГ-ын удирдлагууд Ш.Эрдэнэбатыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.