ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦЫН ШАХАЛТ БА ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ ХЭМЖИЛ ЗҮЙН ЗАРИМ БАРИМТУУД
Жолооч та шатахуун түгээх станцаас бензин, дизель түлш худалдан авахдаа дэлгэц дээрх литрийн заалтыг шууд л үнэн зөв гэж итгээд төлбөрөө төлдөг үү? “10 литр” гэж зааж байгаа түгээгүүр үнэхээр бодитоор 10 литр шатахуун шахаж чадаж байна уу гэдэг нь иргэдийн эрх ашиг, санхүүтэй шууд холбоотой чухал асуудал юм.
Шатахуун түгээгүүр нь худалдаа, үйлчилгээний салбарт шууд ашиглагддаг хэмжих хэрэгсэл учраас хууль тогтоомжийн дагуу улсын баталгаажуулалтад заавал хамрагдах ёстой байдаг. Мөрдөгдөж буй журмын дагуу манай улсад шатахуун түгээгүүрийн баталгаажуулалт хоорондын хугацаа 0.5 жил буюу 6 сар байхаар тогтоогдсон.
Хэмжилтийг ямар стандартаар, хэрхэн шалгадаг вэ?
Шатахуун түгээх хэмжүүрийн үнэн зөв байдлыг шалгахдаа MNS 3015:2014 “Шатахуун түгээх хэмжүүр. Шалгах арга, хэрэгсэл” стандартыг мөрддөг. Уг стандартаар түгээгүүрийн нарийвчлал болон техникийн бүрэн бүтэн байдалд тавигдах шаардлагыг нэг бүрчлэн тогтоодог юм. Та Шатахуун түгээгүүрийн баталгаажуулалттай холбоотой стандартыг дараах линкээр орж үзэх боломжтой.
Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх станцуудын тоолуурт Стандарт, хэмжил зүйн газрын Эзлэхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн улсын шалгагч нар жилд 2 удаа хяналт шалгалт хийдэг.
Баталгаажуулалт хийх үйл явц: Тусгай төхөөрөмж: Лаборатори нь жилд 1 удаа шалгалт тохируулгад хамрагдаж бэлэн байдлыг нь хангасан 2 явуулын эталон мерник буюу эзлэхүүн хэмжигч савтай ажилладаг.
Баг бүрэлдэхүүн: Шалгалтыг улсын шалгагч, явуулын мерникийн жолооч, тухайн шатахуун импортлогч компанийн инженер техникийн ажилтан болон тухайн ШТС-ын эрхлэгчийг байлцуулан батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэдэг.
Гэрчилгээжүүлэлт: Стандарт, хэмжил зүйн газрын даргын А/49 тоот тушаалаар баталсан журмын дагуу баталгаажуулалтад хамрагдсан түгээгүүр тус бүрд тусгайлан гэрчилгээ олгодог. Хэмжих хэрэгслийн шошго, тэмдэглэгээ нь Монгол, Орос, Англи хэл дээр бичигдсэн байх ёстой. Жолооч та түгээгүүрийн хажуу хананд байрлах металл пайзнаас дараах мэдээллийг харж болно.
Үйлдвэрлэгч, загвар, сериал дугаар, хэмжил зүйн үзүүлэлт:
-Импортлогч аж ахуйн нэгжийн нэр, таних тэмдэг
-Загварын баталгааны тэмдэг болон холбогдох стандарт
Түгээгүүрийн шахах хошуунд аливаа загвар, сериал дугаар тавигддаггүй бөгөөд техникийн үндсэн мэдээллүүд зөвхөн түгээгүүрийн бие дээрх пайз дээр байдаг.
Шатахуун түгээгүүрийн баталгаажуулалт нь ердөө нэг удаагийн техникийн шалгалт биш юм. Хэмжил зүйн тухай хуулийн 8.1-д заасны дагуу худалдаа үйлчилгээний баталгаат байдлыг хангаснаар иргэд худалдан авч буй шатахуунаа бодит хэмжээгээр нь дутагдалгүй авах, хэрэглэгчийн эрх ашиг хохирохоос урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.