Ази номхон далайн хэмжил зүйн хөтөлбөрийн 2026 оны Хагас жилийн семинар болов
Ази номхон далайн хэмжил зүйн хөтөлбөр /APMP Mid Year Meeting / -ийн 2026 оны Хагас жилийн семинар нь Индонези Улсын Жогжакарта хотод Үндэсний стандартын байгууллагын зохион байгуулалтаар 07 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд 19 улс орны Олон улсын болон бүс нутгийн хэмжил зүйн байгууллагууд, Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд, Хэмжил зүйн төв байгууллагууд, Хэмжил зүйн мэргэжлийн байгууллагууд, өндөр нарийвчлалтай эталон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын 150 гаруй төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдаж байна.
Энэхүү семинарт Стандарт, хэмжил зүйн газрыг төлөөлөн Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн оролцож байна. Уулзалт, семинарын хүрээнд 2026 оны эхний хагас жилийн байдлаар Ази номхон далайн хэмжил зүйн хөтөлбөр болон Ази номхон далайн улс орнуудын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд, Хэмжил зүйн төв байгууллагууд, Хэмжил зүйн мэргэжлийн байгууллагуудын стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, хэмжил зүйн үйл ажиллагааны үр дүн, биелэлт, цаашид 2026-2029 оны хооронд хэрэгжүүлэх стратеги төлөвлөлт, үйл ажиллагааны талаар хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргах юм.
Мөн дэлхийн улс орнуудын томоохон тулгамдсан асуудал болох хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн салбарын хэмжил зүйн үйл ажиллагаа, эрчим хүч, цэвэр ус, дижитал шилжилт зэрэг сэдвийн хүрээнд хэмжил зүйн асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга, зам, хөгжингүй улс орнуудын хэрэгжүүлсэн сайн туршлага, хэмжил зүйн зөвлөмж, шинэ техник технологи, инновацыг үндэсний үйлдвэрлэл болон олон улсын худалдаа, эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хэрхэн нэвтрүүлж байгаа талаар улс орнууд харилцан туршлага солилцож байна.
Хуралдааны онцлох сэдвийн нэг нь Олон улсын түвшинд Байгальд ээлтэй эдийн засгийг хөгжүүлэхэд чанарын дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгийн Азийг хариуцсан Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын зохицуулагч мэдээлэл, танилцуулга хийсэн юм.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд анхаарал хандуулж байгаа сэргээгдэх эрчим хүч, ногоон эрчим хүч, цахилгаан автомашины цэнэглэгч төхөөрөмжийн хэмжил зүйн үйл ажиллагааны талаар танилцуулга хийж Азийн зарим улс орны Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүдийн ногоон эрчим хүчний хэмжил зүйн үйл ажиллагааны чадавхыг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр мэдээлэл өгсөн.
Стандарт, хэмжил зүйн газар нь энэ чуулга, уулзалт, семинарт оролцсоноор Хэмжил зүйн хүрээлэнгийн Эталон лабораториудын хэмжлийн нэгж дамжуулалт, шалгалт тохируулгын чадавх/CMC/-аа олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний үйлдвэрлэл, чанарын хяналтыг сайжруулж олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ирээдүйд тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд байгальд ээлтэй эдийн засгийн өсөлтийг хангахад хэмжил зүйн үйл ажиллагааны үүрэг оролцоо, хэмжил зүйн байгууллагуудын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.