Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тухай” хуулийн төслийн шинэчлэл болон хэрэгжилтийн явцад санал авлаа

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тухай” хуулийн төслийн шинэчлэл болон хэрэгжилтийн явцад санал авлаа
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
 
Энэ хүрээнд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тухай” хуулийн төслийн шинэчлэл болон хэрэгжилтийн явцад санал авах олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлэгт Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагууд, Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 92 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн доктор, судлаач, холбогдох байгууллагуудын албан хаагчид, салбарын мэргэжилтнүүд оролцож, хуулийн төслийн шинэчлэлийн явц, тулгамдаж буй асуудал, цаашдын хэрэгжилтийн талаар санал солилцов. Мөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл өөрсдийн саналаа илэрхийллээ.
 
Хуулийн төслийн гол өөрчлөлтүүдийн хүрээнд лабораторийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчныг илүү нарийвчлан зохицуулах, нэр томьёоны тодорхойлолтыг боловсронгуй болгож ойлгомжтой болгох, иргэн, хуулийн этгээд стандартын шаардлагыг ханган мөрдүүлэх эрх зүйн үндсийг тодорхой болгоход чиглэж байна.
 
Түүнчлэн стандартчилал, тохирлын үнэлгээний салбар дундын уялдаа холбоог сайжруулах, тохирлын үнэлгээний үр дүнг төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, тохирлын үнэлгээний байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох, олон улсад хүчингүй болсон стандартыг Монгол Улсад мөн адил хүчингүй болгох зохицуулалтыг бий болгохоор өргөн хүрээнд ажиллаж байна.
 
Хуулийн төсөл батлагдсанаар стандартыг хэрэглэх, хэрэгжүүлэх тогтолцоо улам боловсронгуй болж, олон улсын нийтлэг жишигт нийцсэн эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, гадаад худалдаа, экспортыг дэмжих боломж нэмэгдэхээс гадна стандартын хэрэгжилт сайжирч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.