🔴Д.Амарбаясгалан: Хууль зөрчсөн Боловсролын сайд Л.Энх-Амгаланг огцруулах ажлыг өнөөдрөөс эхлүүлнэ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан парламентыг тараах тухай яриа, төсвийн тодотгол тойрсон маргаан болон Боловсролын сайд Л.Энх-Амгаланг огцруулах шаардлагын талаар мэдээлэл өглөө. Иргэд болон зарим гишүүдийн зүгээс парламентыг тараах ёстой гэсэн байр суурь илэрхийлж, тодорхой бүлгүүд зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж буй талаар тэрбээр тайлбар өглөө
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан:
-Монгол Улсын парламентыг хугацаанаас нь өмнө тараахад Үндсэн хуулийн хоёр л арга зам байдаг. Нэг дэх арга зам нь парламентын нийт гишүүдийн гуравны хоёр буюу 84-өөс доошгүй гишүүн гарын үсэг зурснаар хэлэлцэх нөхцөл бүрддэг.
Хоёр дахь нөхцөл нь Засгийн газар огцорсон тохиолдолд 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах зарлиг гаргадаг. МАН бол 2024 оны сонгуулиар 54 хувийн санал авч, төрийн эрхийг барьж буй нам. Хэрэв Засгийн газраа бүрдүүлж чадахгүй 30 хоног хүлээлгэн парламентыг тараах түвшинд хүргэвэл Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг ноцтой зөрчсөн хэрэг болно.
Өнгөрсөн өвөл Г.Занданшатарын Засгийн газар багш, эмч нарын цалинг салгаж нэмээд бусад төрийн албан хаагчдыг орхигдуулсан нь төрийн сангийн байдлыг хүндрүүлж, өнөөдрийн нөхцөлийг үүсгэсэн. Төсвийн тодотголыг дэмжихгүй бол төрийн сан хоосорч, улс дампуурах эрсдэлтэйг гишүүд бүгд ойлгож байгаа. Гэтэл харамсалтай нь салбарын сайд Л.Энх-Амгалан энэ нөхцөл байдлыг далимдуулан төсвийн тодотголд сургуулийн тоног төхөөрөмжийн зардал нэрээр 50 тэрбум төгрөгийг оруулж ирсэн. Гишүүд зардлын задаргааг шаардахад Боловсролын яамнаас Сангийн яамны албан тушаалтнаар дамжуулан Өргөдлийн байнгын хороонд эксел файл ирүүлсэн юм. Тэр жагсаалтад сонгон шалгаруулалтгүйгээр хувийн сургуулиудыг нэр заан оруулж, нэг хүүхдэд 5.5 сая төгрөг ногдохоор төсөвлөсөн байсан нь ил болсон.
Хэрэв тухайн эксел файл бодитой байсан бол худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, төсвийн хөрөнгийг хууль бусаар хуваарилах гэж байсан нь нотлогдоно. Харин Л.Энх-Амгалан сайдын хэлсэнчлэн хуурамч файл байсан бол төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д хуурамч мэдээлэл ирүүлж төөрөгдүүлсэн хэргээр хуулийн хариуцлага хүлээх ёстой.
Ерөнхий сайдын зүгээс Л.Энх-Амгалан сайдад алдаагаа хүлээн зөвшөөрч, УИХ-ын гишүүдээс уучлалт гуйх чиглэл өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл уучлалт гуйхгүй гэсэн байр суурьтай байгаа нь тодорхой боллоо. Иймд УИХ-ын гишүүн, сайд Л.Энх-Амгаланг огцруулах шаардлагыг албан ёсоор тавина.
Парламентын үйл ажиллагаа олон арга хэлбэртэй. Танхимдаа мэтгэлцээд олонхоороо шийдэх нэг хэлбэр байна. Намууд, бүлгүүд зөвшилцөж шийдэх зам бий. Харин олонхоор түрий барьж, гаргасан алдаа дутагдлаа засахгүйгээр урагшлахыг оролдвол цөөнх бойкот хийж өөрсдийн байр сууриа илэрхийлдэг.
Ямар үндэслэлээр Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуулийг жагсаасан бэ, тэр файл нь үнэн үү, худал уу гэдгийг ирэх долоо хоногт Өргөдлийн байнгын хороон дээр шалгаж тогтоох ёстой. Энэ тухай О.Номинчимэг гишүүн зарласан. Ер нь Засгийн газрыг тогтворгүй байлгах сонирхол хэнд байна вэ? Л.Энх-Амгалан сайд болон зарим хүмүүс зориудаар тогтворгүй байдал үүсгээд, түүнийгээ намын доторх "30-ынхан Засгийн газрыг унагах гэж байна" гэж бидэнд хаяглан, нэр төрд халдаж байна гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.